
“Петровис”, “Шунхлай” зэрэг компани өчигдрөөс шатахууны үнийг төрөл тус бүрт 100 төгрөгөөр нэмжээ. Тухайлбал, “Петровис” АИ-92 төрлийн шатахууныг 1630 төгрөгөөр борлуулж байгаа бол “Шунхлай”-д 1625 болон өссөн байна. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Л.Раднаасүрэнгээс тодруулахад “Одоогоор манай газарт ийм мэдээлэл ирээгүй” хэмээсэн юм. Харин шатахууны үнэ нэмсэн талаар нефть импортлогчид ирэх энэ долоо хоногт тайлбар хийх гэнэ.
Дэлхийн зах зээл дэх шатахууны үнэ өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш аажмаар өсөж байна. Мөн төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан нь шатахуун болон түлшний өртгийг өсгөсөн. Тиймээс Засгийн газар өнгөрсөн сарын сүүлчээр шатахуун, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг бууруулсан юм. Ингэснээр шатахууны үнийн өсөлтийг тогтвортой барих боломжтой гэж үзэж байсан. Гэвч нефть импортлогчид үнээ ийнхүү нэмжээ.