
Эдийн засгийн өсөлт нь саарч, төсвийн алдагдал нь нэмэгдэн, зээлжих зэрэглэл нь буурсан Монгол Улс өнгөрсөн жилийн хувьд мөнгөө байршуулах газар биш байсан. Гэхдээ зэсийн үнэ дээшилж, ОУВС-гаас санхүүгийн тусламж авахаар хэлэлцэж буй тул Монголын бонд эзэмшигчид хөрөнгө оруулалтын “ялагч” болох нь гэж “Bloomberg” мэдээлэв.
Монгол Улсын экспортын 30 хувийг бүрдүүлдэг зэсийн үнэ сүүлийн гурван сард 20 хувиар өсчээ. Уг таваарын нийлүүлэлт буурах эрсдэлтэй, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэд бүтцэд зориулах зардлаа нэмэхээр байгаа нь үүнд нөлөөлж буй аж. “Citigroup”-ийн өнгөрсөн сарын эцэст гаргасан мэдээлэлд ОУВС-гийн Монгол Улсад 500 орчим сая ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэх хэлэлцээр хоёрдугаар сарын эцсээс өмнө шийдэгдэх хүлээлттэй байгааг дурджээ.
Хонконг дахь “AllianceBernstein” компанийн эдийн засагч Винсент Цуй “ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад эх үүсвэрийн хөрөнгийг “дагуулж”, нийт зээлийн хэмжээ нэг тэрбум гаруй ам.долларт хүрнэ” гэж өгүүлсэн байна.
Мөн Монгол Улсын гадаад валютын нөөц 1.1 тэрбум ам.доллар байгаа бол Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын төлбөрийг ирэх сард хийхийг дээрх цахим хуудсанд бичжээ. Мөн ам.доллартой харьцах төгрөгийн ханш өнгөрсөн онд 20 хувиар суларсныг дурдсан байна. Энэ нь 2000 оноос хойших нэг жилийн хугацаанд хамгийн их хувиар буурсан үзүүлэлт аж.