
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Эрдэнэзуугийн музейд 2014 оны тавдугаар сарын 18-19-нд шилжих шөнө гэмт этгээдүүд халдаж, долоон бурхан хулгайлан өөр гурван бурхныг унагаж гэмтээсэн хэрэг гарсан билээ.
Уг хэргийг садан төрлийн хүмүүс болох Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, гидротехникч мэргэжилтэй Д.Доржсүрэн, 46 настай, мал-зүйч мэргэжилтэй Д.Тэгшжаргал, нягтлан бодогч мэргэжилтэй, 41 настай Д.Мөнхзул гэх гурван эр үйлдсэнийг цагдаагийнхан шуурхай эрэн сурвалжлан баривчилж, долоо хоногийн дараа эд мөрийн баримтуудыг Д.Тэгшжаргалынхаас хураан авсан юм.
Тэд хэрэг үйлдэхийнхээ өмнөх өдөр Архангай аймгийн Өгий нуурын ойролцоо харанхуй болохыг хүлээн, нойр авч байсныг ойр хавийн малчид харсан байдаг бөгөөд ногоон өнгийн 1777 дугаартай “Ланд круйзер-80” маркийн машинтай явсныг гэрчилдэг.
Шүүгдэгч Д.Тэгшжаргал “Эрдэнэзуу руу зүүн талын хаалгаар ороод зүүн талын дуганы цоожийг тасдаад нэвтэрсэн. Бурхдыг нь цүнхэндээ хийгээд хашааны хойд талаар даван, шууд Улаанбаатар руу явсан. Өглөө гэртээ очоод бурхдаа гараашид нуусан” хэмээн мэдүүлэхдээ ганцаараа хэрэг үйлдсэн мэтээр ярьсан аж.
Харин мөрдөн байцаалтын явцад тэднийг машиндаа гурвуулаа унтаж байсан, хот руу явж байх үед Лүнгийн замын цагдаа шалгах гэтэл зогсолгүй зугтсан. Машинд гурван хүн байсныг нь баталснаар гэмт этгээдүүд хамтран Майдар бурхан дөрвийг, Дүйнхор, Жүгдэрнамжил, Манзушир бурхан хулгайлж 27.8 сая төгрөгийн хохирол учруулсан юм. Тэд хулгайлсан бурхдаа гэмтээж, эвдсэн байсан бөгөөд түүнийг нь Соёлын өвийн төвд сэргээн засахад 20.2 сая төгрөг зарцуулсан аж.
Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал, Д.Мөнхзул нарт холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх хэлэлцэж, Д.Тэгшжаргалд 13, нөгөө хоёрт нь 12 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, 1777 хэмээх хуурамч дугаар хэрэглэсэн, 77-28 УНО улсын дугаартай “Ланд круйзер-80” маркийн машиныг нь улсын орлого болгохоор болжээ. Өмнө нь 2016 оны зургадугаар сард тус шүүх уг хэргийг хэлэлцэн, бүгдэд нь 10 жил нэг хоног хорих ял шийтгэж байсан ч шүүгдэгч нар давж заалдсанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.