
Өмнөд хилийн Замын-Үүд боомтоор өнгөрсөн ням гаригийн 16.00 цагийн үед БНХАУ-ын талаас цагаан өнгийн “Прадо-150” маркийн автомашин хил зөрчин орж ирснийг хилчид, цагдаа, тагнуулынхан хамтран саатууллаа. Зарим эх сурвалжийн мэдээлснээр уг машинтай этгээд Монголын хилийг нэвтэрч нутгийн гүн рүү буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 30-40 км газар зугтсан гэх мэдээлэл байна.
Харин орон нутгийнхан “Хил зөрчигчийг Монголын хилээр орж ирмэгц нь саатуулаад ямар зорилгоор ийм алхам хийснийг тагнуулын байгууллага шалгахаар болсон” хэмээсэн юм. Өөр нэг эх сурвалж “БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн иргэн 42 настай Л.Ж нь Хятад улсын дугаартай 2015 онд үйлдвэрлэсэн “Прадо-150” автомашин хөлөглөн БНХАУ-ын болон Монголын хилийн торон хаалтыг дайрч, орж ирээд Замын-Үүд сумаас хойш 40-өөд км газарт зугтсан юм.
Хилийн боомт дундуур хөөцөлдөөд саатуулж чадалгүй Замын-Үүд сум руу алдсан. Түүнийг Сум дундын Цагдаагийн хэлтсийнхэн, хил хамгаалах алба, тагнуулын ажилтнуудтай хамтран саатуулсан. Согтууруулах болон мансууруулах бодис хэрэглээгүй нь тогтоогдсон. Өөрөө хэл нэвтрэлцэхгүйгээс болсон уу, эсвэл өөр шалтгаан байна уу, ямартай ч хил зөрчих болсон шалтгаанаа тайлбарлаж чадахгүй байгаа” гэлээ.