
Нефть импортлогч зарим аж ахуйн нэгж шатахууны үнэ нэмсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өчигдөр мэдээлэл хийлээ. Тус яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат “Аж ахуйн нэгжүүд шатахууны төрлөөс хамааран литр тутамд үнээ 150 хүртэлх төгрөгөөр нэмсэн байна. Тиймээс жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, нөхцөл байдлыг судалж, хяналт шалгалт хийн, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг АМГТГ, ШӨХТГ болон бусад газартай хамтран байгууллаа” гэв.
ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гаргасантай холбоотойгоор дэлхийн зах зээл дэх үнэ өсөж буй. Тухайлбал, “Brent” маркийн тос баррель нь өчигдрийн байдлаар 56.9 ам.долларт хүрч, хоёр сарын өмнөх үеэсээ 23 хувиар нэмэгдсэн байна. Ингэснээр шатахууны импортын үнэ нэгдүгээр сард өмнөх сараас тн тутамд 40-60 ам.доллароор өссөн аж.
Тиймээс Засгийн газраас өнгөрсөн сарын 25-ны өдөр автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулсан. Иймд нефть импортлогч аж ахуйн нэгжүүд үнээ нэмсэн уг шийдвэр бодитой, эсэхийг шалган, удахгүй дүгнэлт гаргах аж.