
Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд шатахууны үнээ өсгөсөн талаар Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооныхон өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Шатахууны үнэ нь бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өртөгт шингэдэг. Тиймээс үнээ дур мэдэн нэмэхийг Өрсөлдөөний тухай хуулиар хязгаарласан байдаг. Гэтэл холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүй үнэ өсгөсөн нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн мэдэгдэв.
Иймд үнэ өсгөсөн шалтгааныг судалж, хууль бус гэж үзвэл импортлогч компанийн эздэд хариуцлага тооцохыг шаардаж буй аж. Мөн шалгалтын үр дүнд үндэслэн шатахууныг хуучин үнээр нь борлуулах ёстой гэж тус холбооныхон үзжээ. Энэ асуудлаар Засгийн газар, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болсон байна.