
Манай улсын 400 мянга гаруй хүн элэгний ямар нэг вирустэй, тэдний 130 мянга орчим нь С вирустэй, нэн тэргүүнд эмчилгээнд хамруулах шаардлагатай 52.5 мянган иргэн, элэгний вирусийн архаг халдвартай 400 гаруй хүн байгаа гэсэн судалгаа бий. Харин 2015 оны арванхоёрдугаар сард АНУ-ын “Гилеад Сайнс” компанийн үйлдвэрлэсэн “Харвони” хэмээх эмийг дэлхийн зах зээлээс хямд үнээр Монголд оруулж ирснээр элэгний С вирустэй олон хүний магнай тэнийсэн.
Гэвч иргэдийн олонх нь 1200 ам.доллароор “Харвони” эмийг авч хүчрэхгүй байв. Харин 2016 оны арванхоёрдугаар сард Засгийн газраас элэгний С вирусийн эмчилгээний эмийн сарын хэрэглээний үнийг 210 мянган төгрөгөөр хөнгөлөх шийдвэр гаргасан.
Уг эмийг Монголд оруулж ирэх, эм уух хүмүүсийг бүртгэхээс эхлээд Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа хоёрын дунд багагүй маргаан дэгдсэн. Тэгвэл саяхан “Харвони” эмийг тойрсон бас нэг маргаан газар аваад байна.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд АНУ-ын “Гилеад Сайнс” компаниас буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928.110 ам.долларын өртөг бүхий 3000 хайрцаг “Харвони” эмийн гаалийн болон НӨАТ болох 354 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргалаа. Эдгээр эмийг Архангай аймгийн 45-60 насны, С вирусийн халдвартай иргэдэд үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэсэн юм.
Харин буцалтгүй тусламжаар олгосон “Харвони”-ийг Архангай аймгийнханд бус, эрүүл мэндийн салбарын С вирусээр өвчилсөн ажилтнууд болон эмзэг бүлгийн иргэдэд хуваарилах нь шударга хэмээн “Оном” сан, Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлийнхөн үзэж буйгаа өчигдөр мэдэгдэв. Энэ мэдээллийн дараа ЭМЯ-ныхан мөн хэвлэлийнхэнд хандсан юм. Тэдний байр суурийг хүргэе.
.jpg)
Д.НАРАНБААТАР: Монгол Улсад хандивласан эмийг нутгийнхандаа өгсөн нь хууль бус
“Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатараас дараах зүйлийг тодруулав.
-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг АНУ-ын “Гилеад Сайнс” компанийнхантай уулзаж, “Харвони” эм авсан тухайгаа мэдэгдсэн. Гэтэл та бүхэн эдгээр эмийг хандиваар өгсөн гэж ярилаа. Энэ ямар учиртай юм бэ?
-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 6000 хайрцаг “Харвони” эм хандивласан болохоос Ё.Баатарбилэг гишүүнд өгсөн юм биш. Эхний ээлжинд 3000 хайрцгийг оруулж ирээд байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат аравдугаар сарын 15-нд Архангай аймагт явж байхдаа “Гилеад Сайнс” компанийнхан надтай биечлэн уулзаад Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн болон надад 2000 хүн эмчлэх эм өгөхөөр амласан” гэж ярьсан.
Архангай аймагт элэгний С вирусийн халдвартай есөн мянга орчим хүн бий. 2000 хүнийг эмчилснээр халдварыг зогсоож буй хэрэг биш.
-Эм хуваарилах ажлыг Эрүүл мэндийн яам хариуцдаг уу?
-Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нийгмийн зөвлөлүүдтэй ярилцсаны эцэст хандиваар орж ирсэн тэдгээр эмийг тэгш хуваарилах ёстой байсан. Гэтэл жалга довны үзэл гарган, төрсөн нутаг Архангайдаа хуваарилсан нь шударга бус. 2020 оны сонгуулийн нүхээ малтсан явдал.
Эрүүл мэндийн хөгжлийн газрын 2015 оны судалгаанаас харахад элэгний хорт хавдраар Сүхбаатар, Дундговь, Дорнод, Увс аймгийнхан хамгийн их өвчилж, нас баржээ. Архангай аймагт элэгний өвчлөл улсын дунджаас тийм ч өндөр биш. Хэрэв өвчлөл ихтэй аймгуудад хуваарилсан бол бид хэл ам хийхгүй.
-Тэгэхээр манай улсад хандиваар өгсөн эмийг А.Цогцэцэг сайд болон Ё.Баатарбилэг гишүүн нутагтаа тарааж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Хөгжил буурай, элэгний өвчлөл ихтэй орнуудад олгож буй хандивын эм. Гүрж улс эхлээд 5000 дараа нь 20.000 хайрцаг “Харвони” эм хандиваар авсан. Би эрдэмтэн хүний хувьд хандивын эмийг эхлээд эрүүл мэндийн салбарын ажилтнуудад өгье.
Тэд вирусийн халдвар тараагаад байна. Жилд 3000 хүн шинээр вирусийн халдвар авч байна. С вирусийн эмчилгээ хийлгэж, эдгэрсэн хүн эргээд өвчилж буй талаар А.Цогцэцэг сайдад олон удаа хэлсэн. Гэвч тоосонгүй.
-Ингээд тогоон дотроо учраа олохгүй байхаар америкчууд дахин тусламж үзүүлэхээ больчих вий дээ. Уг нь “Харвони” эмийн үр дүн их сайн байгаа юм билээ.
-Эмчилгээний үр дүн 98 хувьтай байгаа. 7000 гаруй хүн эмчилгээ хийлгэж, эдгэрч байна. “Оном” сан, “Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл”, “Нэг Монгол” зэрэг байгууллагынхан зүтгэсний хүчинд Засгийн газраар “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг дэмжүүлсэн. Гэтэл бидний хийсэн ажлын үр дүнг А.Цогцэцэг сайд нутгийнхандаа л зориулчихлаа.

Л.МӨНХТУЛГА: Эрүүл мэндийн яамнаас санаачлаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье
ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтулга, Эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга М.Уранчимэг тэргүүтэй мэргэжилтнүүд мэдээлэл өгөв. Тэднээс зарим зүйлийг тодрууллаа.
-Буцалтгүй тусламжаар олгосон эмийг А.Цогцэцэг сайд төрсөн нутгийнхандаа олгосон гэсэн мэдээлэл бий. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2016 оны тавдугаар сард “Элэгний эмгэггүй Архангай” гэсэн төсөл санаачилж, АНУ-ын “Гилеад Сайнс” компанийн төлөөлөгчидтэй уулзсан юм билээ. Тэгэхдээ “Архангай аймагт элэгний өвчлөл өндөр байгаа учраас “Харвони” эмнээсээ хандивлаач” гэсэн санал тавихад тус компанийнхан зөвшөөрсөн.
Ингээд 6000 хайрцаг “Харвони” эмийг үнэ төлбөргүй олгохоор болсон байна. Төслийн хүрээнд эхний ээлжинд 3000 хайрцаг эм хүргүүлсэн. ЭМЯ чиг үүргийнхээ дагуу энэ асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлэн тэдгээр эмийг гааль, татвараас чөлөөлүүлсэн.
Манай яамнаас “Элэгний С вирусгүй Монгол” хөтөлбөр боловсруулж, ажлын хэсэг гарч ажиллаж байна. Аймаг, сумынх нь төлөөллийн хэн нь ч ийм төсөл хэрэгжүүлэх боломжтой. Ингэж улстөржих хэрэггүй.
-“Оном сан”-гийн хүсэлтээр өмнө нь хандиваар орж ирсэн эмийг гааль, татвараас чөлөөлсөн гэл үү?
-“IDIS” олон улсын байгууллагаас буцалтгүй тусламжаар 50 иргэнд үнэ төлбөргүй олгох гепатит С вирусийг эмчлэх “Викира Пак” гэх нэртэй 300 хайрцаг эмийг импортлох лицензийг Эрүүл мэндийн яамнаас “Оном” санд олгож, гааль болон НӨАТ-аас чөлөөлөхөд дэмжлэг үзүүлсэн. Одоогийн байдлаар “Харвони” болон Энэтхэг улсад үйлдвэрлэж буй С вирусийн эсрэг дөрвөн нэрийн эмийг Улсын эмийн бүртгэлд бүртгэж, НДЕГ-т хүсэлт тавьснаар эм тус бүрийг 210 мянган төгрөгөөр хөнгөлөөд байна.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс буцалтгүй тусламжаар олгосон эмийг нутагтаа хандивласан, эсэхийг тодруулах гэсэн ч тодорхой хариу өгсөнгүй. Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс “Гилеад Сайнс” компанитай гэрээ хийсэн гэх баримт байгаа талаар асуухад “Би томилолтоор явж байна. Удахгүй очно. Тэгээд мэдээлэл өгнө” гэлээ.