
Хан-Уул дүүргийн нутагт, Яармаг дахь Туул голын гүүрний дэргэд мод бут их хэмжээгээр огтолжээ. Гүүрний зүүн хэсэгт үерийн далангийн дотор, голын голдирол дахь олон тооны бургас, улиасыг хөрөөдөж ёзоорыг нь үлдээсэн байгааг уншигч та зураг дээрээс харж буй биз ээ. Саяхны нэг өдөр л гэнэт мод, бургасыг нь хөрөөдчихсөн байсан гэнэ.
Хэний ямар зөвшөөрлөөр ингэж олноор нь голын голдирол доторх моддыг тайрсан талаар бид холбогдох байгууллагуудаас нь тодруулахыг зорьсон боловч тодорхой хариу өгөх хүн олдсонгүй. Зарим нь “гүүр барих гэж байгаа” гэхэд, өөр нэг нь “төмөр зам тавих гэж байгаатай холбоотой юм шиг байна лээ” гэснээс өөрийг хэлсэнгүй.
Хавар болохоор л нийслэлчүүдийн амтай болгон шахуу “Туулын ус ширгэлээ, тасарлаа, загас олноороо үхлээ. Мод, бутыг нь огтолсноос болж байгаа юм” гээд л ярьдаг, бичдэг. Тэгвэл холбогдох байгууллагуудаас нь зөвшөөрөл, дүгнэлт гаргуулалгүйгээр бургас, улиас их хэмжээгээр огтолсон асуудлын хажуугаар дуугүй өнгөрөх эрхгүй билээ, нийслэлчүүд.
Гүүрний дэргэд бургас, улиасыг нь огтолсон талбайгаас зүүн тийш 100 гаруй метрт хашаа хатгасан байв. Үерийн далан дээрх модыг нь огтлоод, өндөр хүчдэлийн шугамтай тулган хашаа барьжээ. Харуул гэх нэгэн эрхэм утсаа үлдээсэн байхаар нь залгахад “Уран ган” компани хашаа барьсан. Мод бутыг нь Дэнжийн-1000-д байдаг нэг компанийнхан л төмөр зам барина гэл үү, юу ч гэлээ бүтээн байгуулахаар болоод саяхан тайрсан байна лээ. Чухам ямар нэртэй компани болохыг нь сайн мэдсэнгүй” гэв.
Хан-Уул дүүргийн ЗДТГ-ынхнаас хэн ингэж Туулын бургасыг голын голдирол дотор нь орж огтолсныг тодруулахад “Яармагийн гүүрийг шинэчлэхээр болж нийслэлийн ЗДТГ-аас хөрөнгө мөнгийг нь шийдэж байгаа юм билээ. Тэд л ямар компанийнхан ингэснийг мэдэх байх” гэсэн хариулт өглөө.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхнаас энэ талаар лавлахад “Гүүрийн барилгын ажил хавар эхэлнэ. Гэхдээ гүйцэтгэгч компанийн бичиг баримт нь дутуу учраас манай газраас зөвшөөрөл олгоогүй. 2016 оны арванхоёрдугаар сард барилгын бэлтгэл ажил эхлүүлэх хүсэлт манайд гаргасан ч бүрдэл хангагдаагүй учраас зөвшөөрөөгүй шүү дээ. Байгаль орчны мэргэжлийн байгууллагаас бас зөвшөөрөл авах ёстой. Ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй байхад ингэж мод, бут огтолсон нь хууль зөрчсөн үйлдэл” гэлээ.
Аливаа бүтээн байгуулалт, уул уурхайн ажил явуулахын тулд экологи, түүх, археологи, палеонтологийн судалгааг нэн тэргүүнд хийдэг жишиг олон улсад ч бий. Манайд ч тогтож эхэлсэн. Яармагийн гүүрийг өргөтгөн шинэчлэх нь зүйн хэрэг. Гэхдээ голын усыг нэмэгдүүлэгч гол зүйл болсон мод, бут, бургасыг нь хайр найргүй огтолж хаях нь зүйд нийцэхгүй нь лавтай.
Тиймээс хууль сахиулах байгууллага анхаарлаа хандуулж экологид учруулсан хохирлыг нь тооцуулж, нөхөн төлүүлэх арга хэмжээ авсан нь дээр бус уу. Усны тухай хууль тогтоомж зөрчсөн, хууль бусаар мод огтолсон нь нүдэн дээр илт байгаа энэ асуудлыг Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн анхааралдаа авах биз ээ.