
“Нарантуул”, “Да хүрээ” зах, Баянхошуу, Зайсан болон хотын төв хэсэгт хоёроос дээш жил амьдарч буй 15 хүүхдийн цусанд нь хар тугалга ямар хэмжээтэй байгааг “Gogo” мэдээний агентлагийнхан АШУҮИС-ийн багш, судлаачидтай хамтран шинжилгээ хийж, үр дүнг нь өчигдөр танилцуулав. Шинжилгээнд хамрагдсан 7-10 насны 15 хүүхдээс цусанд нь хар тугалга хамгийн их байсан нь Баянхошуу орчмынхон байжээ.
Энэ тухай АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгч Д.Нарансүх “Хар тугалга хүний цусанд байх ёсгүй, хортой элемент. Тиймээс дэлхийн орнууд хүний эрүүл мэндэд хар тугалга ямар сөрөг нөлөөтэйг тодорхойлж, ялангуяа хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээг байнга хянадаг. Гэтэл манай улсад ингэж хянаж чаддаггүй.
АНУ-ын Өвчний хяналтын төвөөс гаргасан Хүнд металл болон хар тугалгын хүний цусанд байх хэмжээг заасан зөвлөмж гаргасан. Энэ нь дэлхий нийтийн жишиг болдог юм. Үүнээс харахад хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 5 мкг/дл- ээс их байвал сэтгэхүйд нь муугаар нөлөөлдөг. Мөн хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ 45 мкг/дл-ээс их бол хор тайлах эмчилгээ хийх ёстой.
Орон сууцанд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын дундаж хэмжээ 3.7 мкг/дл байсан нь дээрх жишгээс 1.3-аар бага үзүүлэлт бол агаарын бохирдол ихтэй гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж хоёр дахин өндөр гарсан” гэв.
Тэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарт гурван санал бүхий албан бичиг илгээж буй аж. Энэ нь хүний бие дэх хүнд металлын хорыг судалдаг био мониторингийн үндэсний хэмжээний түүвэр судалгаа хийх, хар тугалгаар хордуулж буй эх үүсвэрийг тодорхойлох, хар тугалгын үзлэг, тандалтын тогтолцоотой болох гэсэн гурван гол асуудлыг дэвшүүлжээ.
