
АТГ-ын ажилтнууд уржигдар орой БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамбыг эрүүгийн хэрэгт сэжиглэн саатуулжээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр твиттер хуудсандаа “Нэгэн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ авлига авч байгаад баригдаж. АТГ-ын залуучуудад баяр хүргэе” гэж бичсэн нь өчигдөр дуулиан тарьж, хаанахын хэн юм бол хэмээн бие биеэсээ сураг ажиг тавьж эхэлсэн юм.
АТГ-ынхан ч энэ тухай мэдээллээ нэлээд нууцалж байв. Баттай эх сурвалжийн хэлснээр түүнийг үйлдэл дээр нь саатуулсан гэдэг нь ташаа мэдээлэл гэнэ. Уржигдар орой гэрээс нь саатуулсан аж. Түүнтэй хамт тус яамны нэгэн мэргэжилтэн Б гэдэг хүнийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Тэднийг чухам ямар хэрэгт холбогдуулсан талаар хэд хэдэн эх сурвалжаас тодруулахад “Самрын ченж хятадуудаас хахууль авсан гэж сэжиглэж байгаа” гэсэн юм. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс рүү БНХАУ-ын иргэнтэй холбоотой нэг хэрэг шилжүүлсэн аж.
Хятадын иргэн нь БОАЖЯ-наас хуш модны үр-самар хилээр гаргах зөвшөөрөл авахын тулд бусдад их хэмжээний мөнгө (бараг тэрбум төгрөг) өгөөд залилуулсан гэсэн гомдол гаргасан юм байна. Энэ нь хээл хахуулийн шинжтэй үйлдэл байж болзошгүй гэж сэжиглэсэн учраас АТГ-т шилжүүлсэн аж.
Үүнээс үүдэн АТГ-ынхан Д.Даваасамбад мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй гэнэ. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодолсон жагсаалтыг 2001 онд Засгийн газраас баталж, түүнд 2008 онд Засгийн газрын 149 дүгээр тогтоолоор “08.02” гэсэн кодтойгоор хуш модны үр-самрыг оруулсан билээ.