
Монгол Улс 60 сая малтай, иргэдийнхээ хэрэглээнээс гадна жилд 400 гаруй сая литр шингэн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулах боломжтой хэрнээ олон шалтгаанаас болоод нөөцөө бүрэн ашиглаж чаддаггүй. Тиймдээ ч гадаадаас шингэн сүү импортолдог байсныг энэ жилээс болиулах шийдвэр гаргаад буй. Одоо харин шингэн сүү хатаах технологийг эх орондоо нутагшуулахаар төр, хувийн хэвшил хамтран ажиллаж эхэллээ.
“Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор хэрэгжүүлж байгаа “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд МДМ ХХК-ийн Японоос оруулж ирэх гэж буй хуурай сүү үйлдвэрлэх жижиг оврын тоног төхөөрөмжийг танилцуулах эхний сургалт, хэлэлцүүлэг өчигдөр ХХААХҮЯ-нд болов. Эхний ээлжинд Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгаас сүүний үйлдвэрлэл, фермийн аж ахуй эрхлэгчид, хоршоологчид болон салбарын мэргэжлийн холбоодын төлөөллийг сургалтад хамруулж байгаа аж.
“Хөдөөд, ялангуяа алслагдсан бүс нутагт хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрийг байгуулснаар ашиглаж чадахгүй байгаа шингэн сүүний нөөцийг бүрэн ашиглах, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, улмаар орон нутгийн тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Хуурай сүү үйлдвэрлэх энэхүү төхөөрөмжөөс МДМ ХХК эхний ээлжинд 60 ширхгийг тавдугаар сард багтаан оруулж ирэх юм.
Цаашлаад 2025 он хүртэлх хугацаанд 1000 ширхгийг оруулж ирэн, Монголын сүүний үйлдвэрлэлд япон технологи нэвтрүүлснээр 6000-8000 тогтмол ажлын байр бий болно гэж тооцоолж байна. Малын тоо толгой, төллөх мал, сүүний гарцаас хамаарч аль аймаг, сум, багт хэдэн төхөөрөмж олгохоо шийднэ” хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн онцолсон.
2015 онд манайх 3300 тонн, өнгөрсөн жил 2500 гаруй тонн хуурай сүү импортолсон байх юм. Тэгвэл шингэн сүүг хатаах зориулалттай уг төхөөрөмж нь ажлын найман цагт тухайн орон нутгийн сүүний хангамжаас шалтгаалан 240-600 литр сүү боловсруулах хүчин чадалтай юм байна. Өчигдөр туршиж үзүүлсэн жижиг төхөөрөмж гэхэд л нэг литр шингэн сүүгээр 120 орчим мг хуурай сүү үйлдвэрлэж байв.
Хуурай сүүний үйлдвэрлэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Японы “Присай” ХХК-ийн хатаагч технологийг оруулж ирснээр цаашид манай улс чацарганаа ч мөн ингэж хадгалж болохын зэрэгцээ хүүхдийн сүү үйлдвэрлэх эхлэлийг ч тавьж буйг МДМ ХХК-ийн төсөл хариуцсан захирал Г.Энхтүвшин ярилаа.
Орон нутагт сүү хуримтлуулах боломж харилцан адилгүй тул тус компанийнхан Говь-Алтайгаас ямааны, Архангайгаас сарлагийн, Сэлэнгээс монгол үнээний сүү авчран, ус, тосны гарцыг нь туршиж үзэж байгаа бөгөөд бүс нутаг бүрт хуурай сүү ямар үнэтэй байхыг үүн дээрээ үндэслэн гаргах гэнэ.
Засгийн газар хүн амаа эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр, боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах зорилт тавьж, “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуй, тэжээлийн тариаланг дэмжих, мах, сүү бэлтгэлийн оновчтой тогтолцоо бүрдүүлэх, боловсруулах салбарыг хөгжүүлэх, дотоодын хэрэглээ болон экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.
“Сүү хатаах энэ тоног төхөөрөмжийг орон нутагт суурилуулснаар хуурай сүүний байнгын худалдан авагч, хэрэглэгч бий болно. Энэ хэрээр зах зээл дээрх үнэ тогтворжиж, малчин айл өрхүүд ч өдөр тутмын орлоготой байх боломж бүрдэнэ. Цаашид хуурай сүүнийхээ хэрэгцээг дотооддоо хангаж, улмаар экспортод гаргах хэмжээнд очих зорилт тавьсан.
Монголчууд хийж чаддаг зүйлээ өөрсдөө үйлдвэрлэе, хийсэн бүтээгдэхүүн маань иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан байх ёстой” гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сургалтын нээлтэд оролцох үеэрээ хэллээ.