
“Нүүрс” хөтөлбөр нэрээр мөнгө завшсан хэрэгт ял шийтгүүлсэн Л.Гансүхийг Төв аймгийн шүүхийн шийдвэрээр өнгөрсөн баасан гаригт хугацаанаас нь өмнө тэнсэн суллалаа. Шүүх магадлангийн хуралд орж, суллагдах нөхцөл боломж бүрдчихээд байхад гаргахгүй байгаа талаараа Ерөнхийлөгчид хандан захидал хүргүүлэн гомдоллосны эцэст өнгөрсөн долоо хоногт түүний асуудлыг прокурор шүүхэд дахин танилцуулсан юм.
УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Э.Амарбат “Төв аймгийн Прокурорын газраас Л.Гансүхийн зан байдлын засрал хүмүүжил, ял эдэлсэн байдалтай газар дээр нь танилцаад, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тухайгаа бичгээр илэрхийлж, хүсэлт гаргасныг нь бидэнд мэдэгдсэн.
Мөн өөрт нь шүүхээр ногдуулсан хохирлын дүнг барагдуулсан” хэмээн мэдээлж байв. Тэрбээр гурван жил зургаан сар хорих ял шийтгүүлэн Төв аймгийн Мөнгөнморьт сум дахь хорих ангид ял эдэлж байсан юм. Өдгөө тэрбээр сар бүр харьяа дүүргийнхээ Цагдаагийн хэлтэст бүртгүүлэх үүрэг хүлээж байна.