
Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн нутаг, Хустайн даваанд уржигдар “Старекс” маркийн машин, “Хово” маркийн ачааны машины араас мөргөсний улмаас хоёр хүн нас барж, таван хүн гэмтжээ. “Автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан” гэх дуудлага тухайн өдрийн 06.12 цагт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу дөрвөн албан хаагч очиход 35 болон 50 настай хоёр эмэгтэй машинд хавчуулагдан нас барсан байж. Харин хоёр настай хүү болон дөрвөн хүн гэмтсэнийг эмнэлэгт хүргэж өгчээ. Мөн энэ өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг дахь Баянбүрдийн тойргийн дэргэд “Тоёота Приус-20” маркийн машин, “Хьюндай Грейс” маркийн машинтай мөргөлдсөний улмаас хоёр хүн гэмтсэн байна.