
Баянзүрх дүүргийн нутаг, Чулуун овооны замд “Баянзүрх-Нэг зүрх” төвийн урд зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг дайраад зугтсан жолоочийг цагдаа нар хөөж саатуулжээ. Тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийн машинт эргүүлийн 114 дүгээр чиглэлийн эргүүлийн офицер, ахмад Ж.Ганзориг, эргүүлийн цагдаа-жолооч, дэд ахлагч Д.Одхүү нар албан үүргээ гүйцэтгээд Чулуун овооны уулзвар руу дөхөж явтал суудлын машины жолооч настай эмэгтэйг дайраад зугтжээ.
Тэр даруйд ахмад Ж.Ганзориг хүн дайрсан машины хойноос хөөж гүйцэх үүрэг Д.Одхүүд өгөөд өөрөө хэргийн газрыг хамгаалалтад авч, хөдөлгөөнийг зохицуулан, Яаралтай тусламж дуудаж, бусад холбогдох албадад мэдээлэл хүргүүлсэн байна.
Яаралтай тусламжийн машин нэг их удалгүй ирж, хохирогчид үзлэг хийгээд амиа алдсаныг нь хэлсэн аж.
Ахмад Ж.Ганзориг “Алимны хайрцаг л дайрсан юм шиг харагдсан. Гэтэл хүн дайраад явчихсан байв. Осол болсон даруйд хамгаалалт авч, дайруулсан иргэнд үзлэг хийхэд судас нь цохилж байх шиг байсан. Эмч нар тун шуурхай ирсэн ч хохирогч амиа алдсан. Жолооч цагдаа маань хүн дайрсан машины хойноос хөөж, нуугдсан байхад нь олж илрүүлсэн” гэсэн юм.
Хүн дайрсан жолооч нь Н.Энхбаяр хэмээх 20 гаруй настай залуу байсан бөгөөд 29 08УБН улсын дугаартай “Хьюндай Соната-6” маркийн автомашин хөлөглөж яваад зам хөндлөн гарч байсан 62 настай О гэдэг эмэгтэйг дайрч зугтсан аж.
Тэрбээр цагдаагийн машин хойноос нь хөөж байгааг хараад хуучнаар автотээврийн 22 дугаар баазын дэргэдэх Тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны орчимд гэр хороолол руу ороод гэрлээ унтраан нуугдаж байжээ. Цагдаагийн машин ойртож очмогц зугтах гэж оролдсон ч гудамж нь мухар байсан тул яаж ч чадаагүй аж.
Өдгөө Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлд заасан ослын газрыг орхиж явсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн ЗЦА-ны Зам тээврийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа юм. Цагдаагийнхан гэмт хэргийг шуурхай илрүүлэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ ийнхүү биелүүлж байна.
Үүнээс хэд хоногийн өмнө галаас дөрвөн хүний амийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч аварсан, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёр төлөөлөгч мөн л сайн үйлс бүтээж, галын аюулаас гэр бүлийн гурван хүнийг аварсан билээ. Ийнхүү цагдаагийнхан өдөр бүр чимээгүй гавьяа байгуулсаар буй юм.