
Зүрхэн хэлбэртэй шоколад, улаан, ягаан, цагаан сарнай, сараана цэцэгтэй хоёрдугаар сарын 14-нийг Гэгээн хайрын өдөр хэмээн нэрлэдэг. Хайрын энэ баярыг залуус хэрхэн тэмдэглэж буйг сурвалжиллаа.
13.00 цагт “Цэцэг” төвд очив. 10 орчим насны охиноо дагуулсан нэгэн ах эхнэртээ цэцэг сонгох гэж байгаа бололтой худалдагчаас зөвлөгөө авч байв. Тус төвийн менежер Г.Гантогтох “Олон жил ханилсан эхнэртээ өгөхөд сараана цэцэг илүү тохиромжтой” гэхэд өнөөх ах “За тэгье” гээд халааснаасаа 40 мянган төгрөг гаргаж өгөв. Харин залуус элдэв зүйл шалгаалгүйгээр хайрын бэлгэдэл улаан сарнайг олноор нь авч харагдана.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчаас эхлээд ахимаг насныхан гээд тэнд очсон хүмүүсийг харахад хайранд насны хязгаар үгүйг батлах мэт. Нэг ширхэг сарнайг 3000, сарааныг 5500 төгрөгөөр зарж байв. Цэцэгнийхээ тооноос хамаарч үнэ нь нэмэгдэнэ. Өнгөрсөн жил тус дэлгүүрээс гурван хүн 999 ширхэг сарнай худалдан авсан аж. Энэ нь 2.997.000 төгрөг болжээ.
Үүн дээрээ гоёлын боолт, элдэв чимэглэл нэмбэл гурван сая гаруй төгрөг болох юм. Гудамжаар алхаж явахдаа эсвэл ажлаа хийгээд суухдаа хэн нэгнээс 999 улаан сарнай бэлгэнд авбал ямар вэ. Мэдээж гоё. Гэхдээ л “Энэ мөнгөөр өөр хэрэгтэй зүйл авсан бол...” гэж хэд нь бодох бол.
“Жирийн өдрүүдтэй харьцуулахад энэ өдөр цэцгийн борлуулалт 10 дахин ихэсдэг. Сүүлийн үед цэцгээ сонины цаасаар боолгох нь тренд болж байгаа. Залуус шоколад хайлуулж, хэвлээд нэгэндээ бэлэглэх нь түгээмэл учир хайрцаг эрэлттэй байна” хэмээн менежер Г.Гантогтох ярив.
Цагаан сарнай урт удаан наслахын бэлгэдэл учраас ээж, эгч болон ахимаг насныханд, сараана цэцгийг ханьдаа, ягаан сарнай нь ялдам учраас охидод өгөхөд тохиромжтойг тэрбээр хэллээ.
Мөн гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл гоодаль, өөдлөн дэвжихийн бэлгэдэл эрдмийн ундраа зэрэг таримал цэцгийн борлуулалт сайн байлаа.

Зарим хос Валентины өдрийг эртнээс төлөвлөн, хотоос гарч тэмдэглэдэг аж. Сэтгэл догдлом орчин бүрдүүлэхийн тулд цэцгийн дэлбээ их авдаг гэнэ. Хоёр кг орчим нь 15 мянган төгрөгийн үнэтэй.
Тус төвийн үүдэнд нэгэн эмээгийн зарж буй “Хайрт чамдаа” гэсэн бичигтэй “Golden Gobi” шоколад нүд ирмэхийн зуур л дуусчихав. Зүрхэн хэлбэртэй уг шоколад 9000 төгрөг. Хажууд нь нэгэн залуу мөн л зүрхэн хэлбэртэй хайрцагнууд зарж байв. Тус шоколаднаас худалдан авсан Ж.Болдбаатар “Би Хан-Уул дүүргийн Гал унтраах, аврах XIV ангид ажилладаг. Тэмцээнд оролцох гээд бэлтгэл, сургуулилалт хийгээд ажил дээрээ байрлаж байгаа. Өнөөдөр даргаасаа чөлөө аваад эхнэрээ баярлуулах гэж байна. Цэцэг, шоколад гээд 50 орчим мянган төгрөгийн бэлэг авлаа. Энэ өдөр бид нэгэндээ бэлэг өгдөг уламжлалтай” гэв.
Мөн л эхнэртээ өгөхөөр баглаа цэцэг, хөөрхөн бамбарууш барьсан ахимаг насны нэгэн ах “Энэ баярыг тэмдэглэхэд насны хязгаар байхгүй. Миний эхнэр цэцгэнд дуртай болохоор жил бүрийн энэ өдөр баглаа цэцэг өгдөг. Эхнэрээсээ морины баримал авсан нь миний хувьд хамгийн сайхан бэлэг” гэж ярив.
Тэрбээр 100 мянга гаруй төгрөгөөр эхнэртээ бэлэг авчээ. Мөн тэд орой кино үзэхээр болзсон гэнэ. Тэдэнтэй зэрэгцэн хоёр хүү найз охиддоо сарнай сонгож байв. Тэд наймдугаар ангийн сурагч аж. Нэг ширхэг сарнай, эгшигт хайрцаг нийлээд 13.000 төгрөг болжээ.
Улсын их дэлгүүрт мөн л хөл хөдөлгөөн ихтэй байв. Тэнд сарнай 3000, сараана 5000- 6000 төгрөгийн үнэтэй байлаа. Японы “Sheena” брэндийн таримал цахирмааг хүмүүс их сонирхож харагдана. 75-100 мянган төгрөгийн үнэтэй уг цэцэг жилдээ хоёр удаа дэлбээлдэг гэнэ. “3-7 хоноод л амьгүй болох сарнайнаас ийм таримал цэцэг нь илүү” гэх хүн ч цөөнгүй таарав.
Мөн энэ өдөр залуусын мөнгө татдаггүй нэг зүйл нь бялуу. “Wendy” бялууны дэлгүүрт зүрхэн хэлбэртэй бялуунууд 9500- 14.000 төгрөгийн үнэтэй байв. Мөн төрөл бүрийн шоколадыг 6000-20.000 төгрөгөөр зарж байлаа. Энэ өдөр борлуулалт сайтай байдаг ч орлогынхоо талаар мэдээлэл өгөхөөс дээрх газрууд татгалзсан юм.
Харин “Тэнгис” кино театр хосуудад зориулж тасалбараа 5000 төгрөг болгон хямдруулжээ. Энэ жишгээс харахад хосууд 50 мянгаас таван сая орчим төгрөгийг хайрын “баталгаа” болгон зарлагаддаг аж. АНУ-ын худалдан авагчид энэ онд Валентины баярт 18.2 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн урьдчилсан таамаг гаргасан бөгөөд үүний дөрвөн тэрбум нь үнэт эдлэл, хоёр тэрбум нь цэцэг авахад зориулагдах гэнэ.
Харин манайд энэ өдөр хэдэн төгрөгийг цэцэг, шоколад, үнэт эдлэлд зарцуулдаг нь тодорхойгүй үлдлээ.