
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Б.Эрдэнэжаргал, ахлах ахлагч Б.Баярхүү нар их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан хүмүүсийг саатуулан, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шилжүүлжээ. Тэднийг албан үүргээ гүйцэтгээд явж байхад нь “Рэнж ровер” маркийн автомашин нэлээд хүнд ачаа ачсан бололтой, тээшнийх нь хэсэг доошоо дарагдсан нь сэжигтэй санагдсан тул зогсоон шалгасан гэнэ.
Гэтэл тэнд маш их хэмжээний буюу 64.5 кг мөнгөн ус ачсан байжээ. Тээврийн дээд сургуулийн орчимд уг машины жолооч Э нарын гурван хүнийг дээрх хоёр замын цагдаа саатуулсан бөгөөд нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст шилжүүлэн өгчээ.
Химийн хорт болон аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан иргэнийг илрүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн тэднийг Цагдаагийн ерөнхий газраас “Баярын бичиг”-ээр шагнасан байна. Хууль бусаар мөнгөн ус тээвэрлэж явсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд мөрдөн байцаалт дуусаагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хэлсэн юм.