
Азийн өвлийн спортын VIII наадам Японы Хоккайдо мужийн Саппоро, Обихиро хотод энэ сарын 19-26-нд болно. Азийн өвлийн олимп гэгддэг уг наадамд тамирчид цана, тэшүүр, биатлон, хоккей, кёрлинг гэсэн таван спортын 11 төрлөөр 64 цогц медалийн төлөө өрсөлдөх юм. Монголын баг тамирчдын хувьд тус наадамд тасралтгүй найман удаа оролцож байгаа бөгөөд энэ жил урьд урьдынхаас илүү өргөн бүрэлдэхүүнтэй явах гэж буй.
Гүйлтийн тэшүүр, шорт трек, гүйлтийн цана, уулын цана, биатлон, хоккейн төрлөөр 42 тамирчин, 28 дасгалжуулагч болон эмч, албаны хүмүүс нийлсэн 80 гаруй хүнтэй томоохон багийг үдэж өгөх ёслолын ажиллагаа өчигдөр МҮОХ-ны байранд боллоо. Энэ үеэр тамирчдад Монголын далбаа болон үндэсний үйлдвэрлэгчдийн урласан хувцсыг гардуулж өгөв.
“Саппоро-2017” өвлийн спортын VIII наадамд оролцох Монголын багийн тугчаар биатлоны тамирчин Э.Бархүү явж байгаа нь энэ төрөлдөө анхных нь юм байна. Харин багийн ахлагчаар Үндэсний шигшээ багийн захирал Ч.Насантогтох явж буй аж.
Манай цанын буухиагийн эрэгтэйчүүд Азийн өвлийн наадмаас 1990 онд анх хүрэл медаль хүртэж байсан бол түүнээс хойш 2007 онд Ү.Марал (уулын цана, чөлөөт гулгалт), 2011 онд бөмбөгтэй хоккейн багийнхан мөнгө, цанатай зүг чиг олох уралдаанаас мөн хүрэл медаль хүртэж байв.