
-Б.Бат-Эрдэнэ аварга хамгийн олон удаа түрүүлжээ-
Монголчууд бид Цагаан сар, улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааныг шимтэн үзэх дуртай. Бөхийн хорхойтнууд эдгээр барилдааныг Монгол бөхийн өргөө, Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэхийг илүүд үздэг. Энэ жилийн Цагаан сарын барилдааны тасалбарыг битүүний өдөр буюу 26-нд худалдах төдийгүй суудлын зэрэглэлээс шалтгаалан 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
МҮБХ-ныхон жилийн жилд барилдаан болохоос хэдхэн цагийн өмнө тасалбараа худалдаж, иргэд Монгол бөхийн өргөөний гадна өдөржин дугаарлан, бухимддаг дүр зураг өнөө жил ч давтагдах нь.
Түүхийн хуудас сөхвөл Цагаан сарын барилдааныг хамгийн анх 1963 онд Нэгдэлчдийн баяр нэртэйгээр зохион байгуулж, дархан аварга Ж.Мөнхбат (тухайн үед улсын заан цолтой байсан) түрүүлэн, Ч.Бээжин аварга үзүүрлэж байжээ.
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13, Х.Баянмөнх найм, Ж.Мөнхбат зургаан удаа түрүүлсэн амжилтаар бусад бөхчүүдээ тэргүүлж байна. Тухайн жилийн Сар шинийн барилдаанд өнгөтэй барилдсан бөх улсын наадмаар цолоо ахиулдаг хэмээн битүүхэн бэлгэшээдэг. Үүний сацуу хэний хүү түрүүлж, хэн хэн шөвгөрөх бол хэмээн хүн бүхэн дор бүрнээ таамаг дэвшүүлж суугаа нь мэдээж.
Бөх сонирхогчид энэ жил улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд нарын бөхчүүдээс нэг нь түрүүлэх байх хэмээн таамаглаж буй бололтой. Бөхчүүд Цагаан сарын барилдаанд наадмаас дутахгүй ач холбогдол өгч, аймаг аймгаараа бэлтгэлээ хийдэг.
Өнөө жил ихэнх аймгийн бөхчүүд нутагтаа очин бэлтгэлээ базааж байгаа бол Архангайнхан “Алдар” спорт хороонд, Завханыхан “Хангарьд”-д уран барилдаан, угсраа мэхээ чамбайруулж байна.