
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хурлаар 2017 онд цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тооны дээд хязгаар, цэргийн дүйцүүлэх албанымөнгөн төлбөрийн хэмжээ, хугацаат цэргийн албанд татах, цэргийн гэрээт албанд элсүүлэх иргэдийн тоо, цэрэг халах, татах хугацааг тогтоожээ. Мөн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5.052.230 (таван сая тавин хоёр мянга хоёр зуун гуч) төгрөг байхаар шийдвэрлэсэн гэнэ. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн нэг жилийн хангамж, үйлчилгээнд зарцуулах хувьсах зардлаар дүйцүүлэн тооцож гаргадаг юм байна.
Цэргийн албаны тухай хуульд “Хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана” гэж заасан. Тиймээс эрчүүд 18-25 насандаа хугацаат цэргийн алба хаагаагүйн төлөө дээрх хэмжээний мөнгөнөөс сургуульд сурсан, нялх хүүхдээ асарсан гэх мэт хуульд заасан хөнгөлөлтийг эдэлж, үлдсэн мөнгийг нь улсад тушаах үүрэгтэй.