
"Би өглөө гэрээсээ аажуухан гарсан. Ирээд нэг цаг орчим сууж байна. Надаас түрүүн ирээд хоёр цаг гаруй хүлээж байгаа хүн олон. Өгөх байлгүй дээ” хэмээн Чингэлтэй дүүргийн III хорооны өндөр настан Э.Бадраа гуай ярилаа.
Тэрбээр Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө олгохоор болсон “Насны хишиг”-ээ хүртэхээр хүлээж суугаа нэгэн. Энэ онд “Насны хишиг” хүртэхээр бүртгүүлсэн 122 мянган ахмад настны төлөөлөл. Энэ мөнгийг авахад шаардлагатай бүх л болзлыг 71 настай энэ ахмад биелүүлчихэж.
Гэвч тэр “хишиг”-ээ хүртэж чадалгүй, банкинд гурван цаг хэртэй дугаарласны эцэст гэрийн зүг буцлаа.
Жилд хоёр удаа олгох “Насны хишиг”-ийн эхнийхийг энэ сарын 20-ноос олгоно хэмээн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зарласан. Гэвч өчигдөр нэг ч ахмад үүнийг хүртэж чадсангүй.
Бид Төрийн банкны Урт цагаан тооцооны төвд 12.00 цагт очиход ахмадууд “14.00 цагаас хойш өгөх юм гэнэ. Санхүүжилт нь орж ирээгүй байгаа гэж банкны теллерүүд хэлсэн” гэв. Тус салбарыг өглөө онгойхоос нь эхлээд дараалал үүсгэж, хүлээсэн зарим нь “Олгох хугацааг нь тодорхой болгоод зарлах хэрэгтэй. Настай хүмүүс банк руу дахин дахин ирээд байх хэцүү шүү дээ” хэмээн ихэд бухимдлаа.
“Насны хишиг”-ийг гурван банкаар олгохоор болсны нэг нь Хаан банк. Бид тус банкны “Бөмбөгөр” тооцооны төвд 14.00 цагт ороход мөн л ахмадуудын хөлд дарагдсан байв.
Өчигдөр аль ч банкинд очиход ийм дүр зураг харж болохоор байсан юм. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын албаны хүн “Манай газраас өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригт аймаг, дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн байгууллагууд руу “Насны хишиг”-ийн санхүүжилтийг шилжүүлсэн. Өнөөдөртөө (өчигдөр) өгч амжаагүй юм болов уу” гэсэн юм.
Харин Хаан банкны ахлах мэргэжилтэн “Өнөөдрөөс олгож эхэлнэ гэж зурагтаар ярьж байсан. Бидэнд тодорхой мэдээлэл ирээгүй” хэмээн тоомжиргүй хариу өгөв. Энэ талаар хамгийн сайн мэдэж байх ёстой байгууллагуудын мэргэжилтнүүд нь “Мэдэхгүй” хэмээн толгой сэгсэрч, “Насны хишиг” эздэдээ хугацаандаа хүрч чадаагүйн бурууг бие биенээсээ хайж байна.
Зарим иргэн “Энэ сарын 20-ны дотор санхүүжилтийг нь шийднэ гэснийг иргэд олгож эхэлнэ хэмээн буруу ойлгосон. 25-наас албан ёсоор олгох юм билээ” гэж байлаа.