
Шүүхийн ёс зүйн хорооноос өчигдөр мэдээлэл хийлээ. Тус хороо 2016 онд 231 гомдол, санал хүлээн авчээ. Үүний 183 нь шүүгчтэй холбоотой байсан аж. Ёс зүйн хорооны чиг үүрэгт хамааралгүй, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой, нотлох баримтгүй гэх шалтгаанаар 156 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Харин 33 гомдолд сахилгын хэрэг үүсгэж, наймд нь шийтгэл ногдуулсан байна. Тодруулбал, нэг шүүгчийг ажлаас нь чөлөөлж, дөрвөн шүүгчийн цалинг бууруулж, гурван шүүгчид сануулах арга хэмжээ авчээ.
Ийнхүү шүүгчтэй холбоотой гомдол гарч буй нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийн ёс зүйн дүрмийг өөрчлөх шаардлагатай болсны илрэл гэнэ. Сүүлийн үед шүүгчдийг үүрэгт ажлаа хийхгүй, мэдэхгүй байна хэмээн гомдол гаргах нь олширсон.
Тухайлбал, шүүгч шүүх хуралдаанд хоцорсон, шийдвэрээ цаг хугацаанд нь гардуулаагүй гэх зэргээр гомдол гаргаж байгаа нь шүүгчид тавих иргэдийн хяналт өндөр болсны илэрхийлэл. Шүүгчийн гаргаж байгаа шийдвэр олон нийтэд ил болсонтой холбоотойгоор иргэд мэдээлэл сайн авч, эрх зүйн мэдлэг дээшилж буй нь харагдаж байна” гэж Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Б.Уранцэцэг ярилаа.