
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга асан, “Мон роуд” компанийг үүсгэн байгуулагч Б.Гарамгайбаатарыг өчигдөр АТГ-аас цагдан хорих захирамж гаргажээ. Түүнийг цагдан хорих гэж байгаа тухай дуулиан өчигдөр үдээс хойш дэгдсэн бөгөөд үнэхээр ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө аваад эргэж төлөөгүй асуудалд нь сэжигтнээр тооцож, 15.00 цагийн үед түүнээс байцаалт авсан юм.
Улмаар мөрдөн байцаагч, прокурорын саналыг үндэслэн 19.00 цагийн үед шүүгч цагдан хорихоор шийдвэрлэж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги руу хүргэсэн гэнэ.
Түүний үүсгэн байгуулсан “Мон роуд” компани нь зам барихдаа Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэн төлөөгүй нь тус банктай холбоотой хэргийг шалгах ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхний анхаарлыг татжээ. Хэдийгээр тэрбээр тухайн үед компаниасаа хөндий байсан гэх тайлбар өгч буй ч эрх мэдэл, албан тушаал нь компанидаа давуу байдал олгоход нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Б.Гарамгайбаатараас гадна УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” хэмээх Н.Батбаярыг дахиад цагдан хорьжээ. Хэд хоногийн өмнө түүнийг саатуулсан ч эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалж батлан даалтад гаргасан байж. Гэвч мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахуйц явдал гаргасан учраас цагдан хорихоор болсон тухай эх сурвалжууд хэллээ.