
Нийслэлийг чиглэсэн хулгайн тээврийн олонх нь Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгаас явдаг ажээ. Харин Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгаас гарсан хулгайн тээврийн хэрэгслүүд маршрутын бус замаар явж, чирэгдэл учруулдаг аж. Ийм тээвэр багатайд тооцогддог байсан Дундговь, Ховд аймагт уг зөрчил гарах нь ихсэх төлөвтэй байгаа гэнэ.
Зуны улиралд жуулчид олноор очдог Архангай, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг аймагт хулгайн тээвэртэй тэмцэх ажлыг даруй эхлүүлж, хурд хэтрүүлдэг зөрчлийг таслан зогсоох шаардлага тулгарчээ.
Өчигдөр Замын цагдаагийн алба (ЗЦА) болон Автотээврийн үндэсний төвийнхөн аймгууд дахь салбаруудтайгаа цахим хурал хийх үеэр уг зөрчлийг хэрхэн арилгах талаар хэлэлцэв. Цагаан сарын баяр дөхөж буй учир гарч болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох албаныхан орон нутагт мотоцикл унахыг хориглон, автотээврийн байцаагч нарыг ослын газарт очиж, шалгалт хийхийг үүрэгдэв. Мөн хурлын үеэр аймгийн төлөөллүүд тулгамдаж буй асуудлынхаа талаар ярьсан юм.
Дорнод аймгийнхан улсын чанартай авто замдаа байнга хяналт тавьж буй гэнэ. Гэвч Манжуурыг зорьсон тээврийн хэрэгсэл осол гаргах нь цөөнгүй болжээ. Тиймээс Чойбалсан-Манжуур чиглэлд зорчигч тээвэрлэх албан ёсны гэрээтэй нийтийн тээврийн хэрэгсэл явуулах ажлаа түргэвчлэх шаардлага гарчээ.
Гэвч тус аймаг дахь Хавиргын боомт орчимд цас их орж, зам хаагдсан, мөн Манжуурыг зорьсон манай улсын таван иргэн өнгөрсөн долоо хоногт ослоор амиа алдаж, Хятадын тал тодорхой санал гаргасан учир ойрын өдрүүдэд тухайн чиглэлд автобус явуулах боломжгүй байгаа гэнэ. Улсын чанартай авто замд хийж буй засвар, үйлчилгээ муу байгаа талаар Баян-Өлгий аймгийнхан гомдоллов. Зам эвдэрснээс үүдэн осол гарах тохиолдол тэнд цөөнгүй гардаг аж. Хурлын төгсгөлд Ховд, Өмнөговь, Төв, Булган, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн Замын цагдаагийн хэлтэс болон Автотээврийн төвүүдийн удирдах албан тушаалтнуудад сануулга өгсөн юм.
ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат “Дээрх аймгууд хяналт, шалгалтаа төдийлөн сайн хийхгүй байна. Түүнээс нь болж осол гарч байгаа. Он гарсаар 30 гаруй хүн амиа алдлаа. Дутагдлаа засахгүй бол удирдах албан тушаалтанд нь арга хэмжээ авна. Бид арга буюу гэнэтийн шалгалт хийхээр төлөвлөлөө. Уг нь аймгаар нь дамжин өнгөрч буй машин бүрийг шалгах учиртай” гэж ярилаа.