
ЗГХЭГ-ын дэд, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нарт холбогдох хэрэгт АТГ-аас нэмэлт мөрдөн байцаалт явуулж дуусаад шүүхэд шилжүүлсэн талаар энэ сарын 10-ны дугаартаа бид мэдээлсэн. Өчигдөр зарим хэвлэлд шинээр илэрсэн нөхцөл байдал гээд Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн хувь заяа тодорхойгүй байна хэмээн андуу ташаа мэдээлэл цацжээ.
Тэгвэл энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 09.30 цагт хэлэлцэхээр товлосон байна. Түүнд болон дээрх компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь тэргүүтэй дөрвөн хүнд албан тушаал, эрх мэдлээ урвуулж, онц их хэмжээний хөрөнгө завшсан хэмээн НПГ-аас Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд буй. Тэднийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн 17 тэрбум төгрөг завшсан гэдгээс гадна 4-5 үндэслэлээр буруутгаж буй юм билээ.
Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендер зарлахдаа Г.Дэнзэн эхнэр Ч.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанийг иргэн Д.Баярмаагийн нэр дээр оролцуулан ялуулжээ. Ингэхдээ Я.Батсуурьт Тендерийн үнэлгээний хорооны гишүүнийг өөрчлөх чиглэл өгч, төрсөн эгч Г.Улзмаагийнхаа хамтран амьдрагч Г.Түмэнхүүг (“Эрдэнэс Тавантолгой” компанийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан) уг хороонд оруулсан байна. Улмаар “Говь повер”-ыг ялуулсныхаа дараа 17.5 тэрбум төгрөгийн урьдчилгаа болгож, 700 сая төгрөг “Эрдэнэс Тавантолгой”-гоос шилжүүлүүлэх тушаал Я.Батсууриар мөн гаргуулсан гэнэ.
Эцэст нь “Говь повер”-ыг төлөөлөн оролцсон Д.Баярмаатай хамтран шүүхэд нэхэмжлэл гаргаж, “Эрдэнэс Тавантолгой”-гоос зарласан тендерийн ажлыг гүйцэтгэхээ больсноос 5.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан хэмээн гомдол гаргав.
Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр нар шүүхэд очоод дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, өмнө нь шилжүүлсэн 700 сая төгрөгөө хасаад 4.8 төгрөг шилжүүлэх тухай эвлэрлийн гэрээ байгуулж, улмаар “Говь повер” руу Я.Батсуурийн зөвшөөрлөөр шилжүүлсэн зэрэг үйлдлүүдэд Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нар гэм буруутай эсэхээ тогтоолгохоор болоод буй юм.