
Гуравдугаар сарын 21-нд төлбөрийг нь хийх хуваарьтай, 5.75 хувийн хүүтэй, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондыг Засгийн газрынхаар солих санал гаргасан талаар Сангийн яам мэдээлжээ. Үүнээс үүдэн Хөгжлийн банкны бондын өгөөж нэмэгдэж буй аж.
Монголд өрнөж буй эерэг үйл явц болон таваарын үнэ цаашид өсөх хүлээлттэй байгаа тул Хөгжлийн банкны бонд эзэмшигчидтэй хэлэлцээрт хүрэх боломжтой хэмээн үзэж байгаа гэнэ. “Хуралдай” хэмээх энэхүү бондын андеррайтераар “Credit suisse”, “JP Morgan” ажиллаж буй бөгөөд хөрөнгө оруулагчдын саналыг ирэх гуравдугаар сарын 1-нийг дуустал авах сурагтай.
Мөн “Хуралдай” бондын хүүг хагас жил тутам төлөх санал тавьж буй бололтой. Одоогоор хүүгийн хэмжээ тодорхойгүй байна.