
Манай улс өнгөрсөн онд зарим өдөр 994 мВт-ын эрчим хүч хэрэглэжээ. Энэ нь өдөрт хамгийн их цахилгаан хэрэглэсэн гэсэн үг. Манай эрчим хүчний суурь хүчин чадал нь 1000 гаруй мВт байдаг. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарынхан нөөц бололцоогоо шавхан ашиглаж байна. Ямартай ч энэ өвлийг ажралгүй давлаа. Гэхдээ бичин жил сүүлээ шарвадаг гэсэн үг бий.
Тиймээс Цагаан сарын их ачааллын үеэр хариуцлагатай байж, гал алдахгүй ажиллахыг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга салбарынхандаа даалгалаа. Цагаан сарын баярын ачаалалд бэлдүүлэх, ажлын явцад хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр цахилгаан болон дулаан үйлдвэрлэх, түгээх, дамжуулах үүрэгтэй “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ”, “ДЦС-IV” төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцав.
Ажлын хэсгийн ахлагчаар Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, бүрэлдэхүүнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга А.Дагвадорж болон албаны бусад хүн багтсан байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 7-18 дахин их байгаа гэсэн судалгаа бий. Энэ нь өндөр хүчдэлийг бохирдуулж, шугам сүлжээг гэмтээж байгаа аж. Үүнээс болж осол гарах тохиолдол өссөн хэмээн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”-нийхэн хэлж байв.
Тус компани өнгөрсөн онд 4.8 тэрбум кВт/цаг цахилгаан худалдан авч, 4.7 тэрбумыг нь түгээсэн байна. Харин “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-ний хувьд дангаараа системийн 60 хувийг хангаж буй бөгөөд өнгөрсөн онд 7.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэнэ.
Засгийн газраас энэ онд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээний тарифыг тэглэсэн. Үүний хүрээнд зургаан тэрбум төгрөгийн эх үүсвэр шийдвэрлэсэн. Одоогоор 420 сая төгрөгийг эрчим хүчний хөнгөлөлтөд зарцуулжээ.
“ДЦС-IV” нь манай эрчим хүчний системийн тулах гол багана болдог. Өөрөөр хэлбэл, энэ дулааны цахилгаан станц манай улсын цахилгааны 70 хувь, нийслэлийн дулааны 65 хувийг дангаараа үйлдвэрлэгч эрчим хүчний зүтгүүр юм. “ДЦС-IV”-ийн хүчин чадал нь 703 мВт бөгөөд дүн өвлийн үед 680 мВт хүртэл эрчим хүч үйлдвэрлэн ачаалал авчээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр “Бэлтгэлээ сайн базааж өвлийг өнтэй давлаа. Засгийн газар уурхайнуудын үйл ажиллагааг дэмжсэний үр дүнд станцад нийлүүлэх нүүрсний хэмжээ өссөн. Манайх найман зуух, долоон турбинтэй. Өнгөрсөн жил хүчин чадлынхаа 70-80 хувийг ашигласан” хэмээн ярилаа. Тус ДЦС 1983 онд ашиглалтад орсон бөгөөд үүнээс хойш 1988-1990 онд 160, 2007, 2009 онд тус бүр 20, 2015 онд 200 мВт-аар өргөтгөсөн юм.
Манай улсын эрчим хүч, дулааны хэрэглээ жилээс жилд өсөж байгаа. Өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд энэ салбарынхан эрвийх дэрвийхээрээ зүтгэж байна. Тухайлбал, “ДЦС-IV” өнгөрсөн жил зарим үед 715 мВт хүртэл эрчим хүч үйлдвэрлэж, суурилагдсан хүчин чадлаа тултал нь ашиглах боломжтой гэдгээ харуулжээ.
Иймд ойрын хэдэн жил эрчим хүч, дулаанаар дутагдах эрсдэлд орохгүй аж. Гэхдээ эрчим хүчний шинэ эх үүсвэрийг яаралтай ашиглалтад оруулж, дамжуулах, түгээх сүлжээг шинэчлэх шаардлага бий. Энэ талаар Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Улс орон даяар эрчим хүчний нэгдсэн системд холбогдох ажлыг эхлүүлнэ. Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын хэмжээг жилээс жилд нэмж байгаа. Шугам сүлжээний шинэчлэлийг боломжийн хэрээр хийж байна” гэлээ.
Мөн цаашид иргэдээ гэрэл цахилгаантай, дулаан байлгахын тулд энэ онд олон ажил хийхээр энэ салбарынхан төлөвлөсөн байна.