
Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын өдрүүдэд хууль сахиулах байгууллагынхан ачаалал ихтэй ажиллалаа. ОБЕГ-ын 2300 гаруй албан хаагч өнгөрсөн сарын 25-ны 09.00 цагаас өчигдрийн 09.00 цаг хүртэл өндөржүүлсэн байдалд ажиллав. Баярын өдрүүдэд тус албанд цасанд суусан, мөс цөмөрсөн зэрэг дуудлага олон иржээ.
Тухайлбал, голын мөс цөмөрсний улмаас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт хүүхэд, Ховд аймгийн Дөргөн суманд нэг том хүн амиа алдсан байна. Мөн цаг агаар тогтуун байсан тул шар усны үер буусан дуудлага нэг бус удаа иржээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн XI гудамжинд үер бууж, тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд болон аж ахуйн нэгж хамтран 40 тонн ус соруулж, 15 метр газар шороон далан байгуулсан гэнэ.
Энэ сарын 1-нд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн ойролцоох уулын цас хайлж, 52, 58, 59 дүгээр гудамжны 13 айл үерт автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид айлуудын хашаанд 100 метр шуудуу татан усны урсацыг өөрчилсөн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газар объектын гал түймрийн 41, ахуйн болон техникийн холбогдолтой ослын таван дуудлага хүлээн авчээ. Энэ хугацаанд гарсан гал түймэр, аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36.9 хувиар буурсан гэнэ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулахаар ЗЦА-ны хөдөлгөөн зохицуулагч нар ХСИС-ийн сонсогчидтой хамт нийслэл болон орон нутгийн замд үүрэг гүйцэтгэв. Баярын өдрүүдэд тус албанд 1144 дуудлага мэдээлэл иржээ. Зам тээврийн ослын улмаас 14 хүн амиа алдаж, 48 хүн гэмтсэн байна.
Ослын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад дуудлага мэдээлэл 46.9, зам тээврийн осол 31.3, гэмтсэн хүн 27.2 хувиар буурчээ. Харин нас барсан хүний тоо 2.3 дахин өсөв. Эдгээр өдөрт нийслэлд 99, орон нутагт 28 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан аж.
Цагдаагийн ерөнхий газарт энэ өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 8456 дуудлага мэдээлэл иржээ. Үүний 199 нь гэмт хэргийн шинжтэй байсан бөгөөд цагдаагийн алба хаагчид 103-ыг нь газар дээр нь илрүүлсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар баярын өдрүүдэд танхайрсан дуудлага цөөн гарчээ. Харин хулгайн хэрэг нэлээд гарсан гэнэ.
Мөн агсам тавьсан тухай дуудлага ч цөөнгүй байсан аж. Нийслэлийн Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дахь Мод үржүүлгийн газрын дэргэд иргэн Э согтуу унтаж, хоёр хөлөө хөлдөөжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 14 иргэнийг Түр хамгаалах байранд байрлуулсан аж.
Сар шинийн өдрүүдэд иргэд Зайсан толгой болон Хийморийн овоог зорьж, нар мандахыг хардаг уламжлалтай. Тиймээс 04.00 цагаас эхлэн цагдаа нар ажилдаа гардаг байна. Үүнтэй холбогдуулан цагдаагийн алба хаагчид шинийн 15-ныг дуустал эдгээр газарт байнгын эргүүл ажиллуулахаар болов. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн өдөр бүр Хийморийн овоо орчимд эргүүл хийж байна.