
Хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө авч үрэгдүүлсэн хэрэгт сэжиглэгдэн цагдан хоригдсон УИХ-ын гишүүн асан, “Монроуд” компанийг үүсгэн байгуулагч Б.Гарамгайбаатар өлсгөлөн зарласан тухай мэдээ зарим цахим хуудсанд байв. АТГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг Хөгжлийн банкны удирдлагуудын хэрэгт холбогдуулж түүнийг болон Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг сэжигтнээр тооцон өнгөрсөн сарын 21-нд цагдан хорьсон юм. Шалгаж буй ажлын хэсгийнхэн Б.Гарамгайбаатарыг өлсгөлөн зарласан гэдгийг үгүйсгэлээ.
Дээрх байгууллагуудын эх сурвалжаас авсан мэдээллээр Халзан бүргэдтэй-Солонготын даваа чиглэлийн зам барихад “Монроуд” компани Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан нь Б.Гарамгайбаатарыг Эрүүгийн хуулийн 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас онц их хэмжээний хохирол учирсан”, 150.3-т заасан “онц их хэмжээний эд хөрөнгө завшсан” гэсэн үндэслэлээр шалгах сэжигтэй нөхцөл байдал тогтоогдсон аж.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг батлан даалтад гаргаж өгөхийг хүссэн хүсэлт мөрдөн байцаах болон прокурорын байгууллагад ирсэн бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн хорих, эсэхийг шүүх шийднэ. Н.Батбаярын хувьд өмнө нь уг хэрэгт сэжигтнээр саатуулагдсан ч эрүүл мэндийн байдлаас болж суллагдаад байсан юм. Гэвч мөрдөн байцаалтад саад учруулахуйц үйлдэл гаргасан учраас дахин хорьсон гэх мэдээлэл байна.