
Москвад суугаа манай ЭСЯ-ны Консулын хэлтсийн байранд нууцаар казино ажиллуулж байсныг ОХУ-ын хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж эхэлсэн тухай тус улсын www.life.ru цахим хуудсанд мэдээлжээ.
Тэнд өгүүлснээр “Арбатын гудамжин дахь нэгэн байрнаас нэг сая орчим ам.долларын үнэтэй тоног төхөөрөмж буюу рулетийн ширээ, автомат тоглоомын машин бүхий казино илрүүлсэн. Тэнд рулетийн таван ширээ, 17 автомат машин байсан. Энэ байр нь ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны эзэмшлийнх болох нь шалгалтаар тогтоогдсон. Гадаадын дипломат төлөөлөгчийн газарт яагаад казино ажиллаж байсныг цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байна.
Энэ газар нь “Эмчилгээний йогийн үйлчилгээ үзүүлэх курс” гэсэн хаягтай байсан хэдий ч үдэш бүр үнэтэй машин унасан, махлаг эрчүүд цугладаг байсан нь цагдаагийнхны анхаарлыг татсан аж. Ингээд цагдаагийнхан сэжиг таамгаа лавшруулахын тулд нарийвчилсан шалгалт хийхэд нууцаар казино ажиллуулж байсан нь илэрсэн бөгөөд касснаас нь 20 сая рубль гарсныг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Мөн “Төмөр, нууц код бүхий цахилгаан цоожтой хаалгатай учраас хэн дуртай нь гаднаас тийм ч амар нэвтэрдэггүй.
Тэнд тоглуулагч, касс, хамгаалагч гээд 10-аад хүн ажиллаж байв. Казиногийн ажилтны цагдаад мэдүүлснээр орлогоо Москва дахь нэгэн хувийн компанийн данс руу шилжүүлдэг. Түүгээр нь ихэвчлэн “Ланд круйзер” тэргүүтэй үнэтэй автомашин худалдан авч, Кавказ руу өндөр үнээр борлуулан хөрөнгө оруулалтаа нөхдөг байсан” гэжээ.
Арбатын гудамжны Спасопесковын нарийн гудамжны 7/1 байранд манай ЭСЯ-ны Консулын хэлтэс үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх цахим хуудсанд өмгөөлөгч Руслан Коблев ярихдаа “Дипломат төлөөлөгчийн газар, Консулын хэлтсийн байрны нэг талын жигүүрийг хувийн компаниуд оффисын зориулалтаар түрээслэн өөр үйл ажиллагаа явуулж байсныг Элчингийнхэн мэдээгүй байх боломжтой” гэжээ.
ОХУ-д суугаа ЭСЯ-ныхнаас ГХЯ-ны ажилтнуудаар дамжуулан тодруулахыг хүсэхэд “Тэр мэдээллийг ЭСЯ руу явуулсан байгаа. Маргааш (өнөөдөр) албан ёсны хариу өгнө” гэсэн юм. Өөр эх сурвалжаас авсан мэдээллээр “Консулын хэлтсийн байрны арын хэсэгт нууц казино нь байрлаж байсан бөгөөд харин өмнөд хэсэг дэх цөөн өрөөнд л Консулын хэлтэс үйл ажиллагаа явуулдаг. Монголын дипломат төлөөлөгчийн газартай тэр казино хамаагүй” гэнэ.