
Монголын урлагийн зөвлөлийн хөтөлбөрийн хорооны гишүүн Намсрайн Ганхуяг өчигдөр Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Түүнийг “Инээмсэглэл” хамтлагийн Ганхуяг гэвэл уншигчдад бүр ч ойр сонсогдох байх. 1970-1980-аад онд залуусыг байлдан дагуулж асан, одоо ч хуучраагүй “Инээмсэглэл”-ийг Ганхуяггүйгээр, Ганхуягийг “Инээмсэглэл”-гүйгээр төсөөлшгүй билээ. Шагналаа гардах үеэр нь шинэхэн Гавьяатын сэтгэгдлийг хуваалцлаа
-Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх хүндтэй цолоор шагнуулж буйд тань баяр хүргэе.
-Их баярлалаа. Ерөнхийлөгчийн зарлиг Сар шинийн өмнө гарсан. Би тэр үед гадаадад ажилтай явж таарсан тул шагналаа авч амжаагүй, өнөөдөр гардлаа. Маш их баяр бэлэглэсэн сайхан өдөр тохиож байна. Бурхан багшдаа, эрхэм багш нартаа талархая. Өдий зэрэгтэй яваа минь та нарын гавьяа. Энэ сайхан оронд төрүүлж, өсгөсөн ээждээ баярлалаа. Тэнгэрт байгаа аав, намайг хүмүүжүүлсэн буурай минь хараад баярлаж байгаа болов уу.
Би олон хамт олонтой. Тэдний нэг Монголын урлагийн зөвлөлөөс намайг энэ шагналд тодорхойлж, оруулсан байна. Монголын соёл, урлагийн тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, ажил, амьдралаа зориулж буй Монголын урлагийн зөвлөлийнхөндөө талархал илэрхийлье.
Би дуучин хүн. Хамтран зүтгэгч дуу бүтээгчид, хөгжимчид, дуучид, сэтгэлийн хамгийн нандин орон зайд оршдог гэр бүлийнхэн, хань, үр хүүхэд, эгч, дүү нар, элгэн садангууддаа баярлалаа. Ингээд дурдаад байвал дуусахааргүй олон хүн бий. Хүнд иргэний үнэмлэх нь биеийн байцаалт болдог шиг аливаа улс үндэстэнд соёл урлаг “биеийн байцаалт”, тодорхойлолт болдог.
Монголын соёл урлагийн төлөө зүтгэж буй хүн бүхэнтэй, “Монгол ньюс” медиа групп, “Өнөөдөр” сониныхонтойгоо баяраа хуваалцаж байна. Та бүхний ажил үйлсэд улам их амжилтыг хүсье. Сар шинэ хуучраагүй байна. Монголчууддаа Сар шинийн мэнд дэвшүүлье.
-Таныг гавьяат боллоо гэж сонсоход хамгийн түрүүн ээж, аав, гэр бүл тань санаанд орж байлаа. Ийм сайхан гэр бүлийн дахин нэг гишүүн төрд “үнсүүлж“ буй нь бахархалтай сайхан юм.
-Ээж, аав, эгч нар маань төр, түмний хайр хишгийг хүртэж, хүндэтгэл хүлээсэн. Энэ тухай ах маань “Түмэн хүрээлж, төр соёрхсон гэр бүл“ хэмээх ном бичсэн. Энэ хүмүүсийн үргэлжлэл болон Монголын урлагт зүтгэж, төрийн хайр хишгийг хүртэж буйдаа баяртай байна.
Соёл, урлагт хайртай болж хүмүүжсэн нь яах аргагүй гэр бүлийн минь нөлөө. Хар нялхаасаа л ээжийг даган ажилд нь очиж, теартын амьдрал дунд бага нас минь өнгөрсөн. Гэртээ байсан ч ялгаагүй. Соёл урлагийн төлөө зүтгэж байсан үе үеийн алдартнууд, домог болсон уран бүтээлчид дунд тоглож, тэднийг харж, яриаг нь сонсож өссөн.
Тэгэхээр урлагийн төлөө цохилох зүрхтэй болж төлөвшихөөс яах билээ. Энэ бол аав, ээж, эгчийн минь гавьяа.
-Урлагт зүтгэсэн хугацаа тань “Инээмсэглэл” хамтлагийн дуучин болсноос тоологдох уу, түүнээс бүр өмнө үү?
-Би дөрөвдүгээр ангид байхдаа анх хамтлаг байгуулж байлаа. Түүнээс хойш дуу, хөгжмөөс салаагүй дээ. Ингэж тооцвол урлагтай холбогдоод 40 гаруй жилийг үджээ.