
МЗХ-оос санаачлан 3 дахь жилдээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх дэмжих, эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, тулгамдаж буй асуудлаа ярилцах зорилгоор “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг зохион байгууллаа. Тус жагсаалын зорилго нь гуравдугаар сарын 8-ны өдрийг баярын өдөр болгон тэмдэглэхээс илүүтэй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг хөндөх, гарах гарцыг эрэлхийлэх, дуу хоолойгоо олон нийтэд хүргэх өдөр болгон тэмдэглэдэг болгоход оршиж байгаа гэж зохион байгуулагчид үзэж байгаа аж.
Тайван жагсаалд залуу охид, бүсгүйчүүд, нийгэм, урлаг соёл, бизнесийн салбарт манлайлан ажиллаж байгаа 50 гаруй эмэгтэйчүүд оролцож, олон нийтэд дуу хоолойгоо хүргэлээ. Тэд доорх уриалгуудыг барин жагссан байна.
- Эрүүл хүүхэд хүсч байна
- Охиндоо хэрхэн ухамсар суулгах вэ?
- Хүүгээ хэрхэн зөв бодолтой болгох вэ?
- Үрийнхээ ирээдүйд итгэж болох уу?
- Нийгэмдээ хэрхэн зөв хүн нэмэх вэ?
- Итгэл даах эр хүн байна уу?
- Эрийн бодол богино бол гэр бүл тогтох уу?
- Ухамсартай эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
- Монгол эр хүн олж өгөөч
- Аав болохдоо итгэлтэй байна уу?
- Удам сайнтай суумаар байна
- Эрчүүдээ долоон үеэ нэрлээч
- Хүү, охиндоо Монголоо тайлж чадах уу?
- Түүхээ мэдэхгүй бол ойд төөрсөн сармагчин адил
- Амь шигээ хайрлаж чадах уу бүсгүй намайг
- Бид уйлсаар байх уу?
- Би төрмөөр байна
- Жаргал зовлонгоо хамдаа үүрнэ гэсэн яасан
- Би ажил хиймээр байна
- Залуу та төрдөө, удамдаа гэм хийгээгүй биз дээ
- Надад дэм болооч
- Нутагтаа сайхан амьдармаар байна
- Авъяасыг минь нээж өгөөч
- Би сайн ээж болмоор байна. Туслаач
- Эхнэр ч биш, авгай ч биш. Гэргий баймаар байна
- Би орлого олох хэрэгсэл биш
- Би мөнгөний машинтай суугаагүй
- Хүүхдээ ганцаараа өсгөмөөргүй байна
- Гэрийн эзэн байна уу?
- Улсын эзэн байна уу?
- Нутагт минь эзэн байна уу?
- Би Single ээж болмооргүй байна гэх мэт уриалгыг дэвшүүлжээ.