
Ховд аймгийн баруун захад орших Алтай, Үенч, Булган сумынхныг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах зорилгоор Булган суманд 25-100 мВт-ын хүчин чадалтай, сэргээгдэх эрчим хүчний станц барихаар болжээ.
БНХАУ-ын “Шинэ эрчим хүчний холдинг” компанийн хөрөнгө оруулалтаар Цоохор нуур хэмээх газарт барих гэж буй уг станц ашиглалтад орсноор дээрх гурван сумынхан эрчим хүчний хараат байдлаас гарч, БНХАУ-аас өндөр өртгөөр эрчим хүч худалдаж авах шаардлагагүй болно гэж үзэж байгаа аж.
Тэгвэл “Шинэ эрчим хүчний холдинг” компаниас томилогдсон ажлын хэсгийнхэн станц барихаар төлөвлөсөн газартаа очиж, Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Нар, салхи, ус, ахуйн хаягдал ашигладаг сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн цахилгаан станц байгуулахаар болсны эхнийх нь энэ аж. Дараа нь аймгийн төвд цахилгаан станц барих гэнэ.