
Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн Далан гэдэг газарт амьдардаг (сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т) иргэн Б-гийн гэр Булган голын халианд автжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 38 дугаар ангийн зургаан албан хаагч, орон нутгийн 12 иргэн энэ сарын 11-ний 12.10 цагт тус газарт очсон аж.
Тэд 1.5 метрийн өндөртэй, хоёр метрийн өргөнтэй 30 метр үргэлжилсэн шороон далан босгож, 12 айлыг голын халианд өртөхөөс сэргийлсэн байна. Халианд автсан нэг айлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэв.
Энэ талаар Булган сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганхуягаас тодруулахад “Цаг дулаарч байгаа учраас цас, голын мөс хайлж, айл өрх усанд автах эрсдэл үүсээд байна. Тиймээс IV багийн 12 айлыг голын халианд автахаас сэргийлж, далан босгосон” гэлээ.