
Олон нийтийн цахим сүлжээгээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “Хүүхэд хулгайлахыг завдсан этгээд байна” хэмээн улаан хүрэмтэй залуу нэгэн хүүхдийг араас нь барьж авч ноцолдож байгаа бичлэг цацагдсан юм. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст энэ сарын 7-ны 21.15 цагт “17.30 цагийн үед хичээлээ тараад харьж явсан 10 настай Т гэдэг хүүг хулгайлахыг завдсан” гэсэн мэдээлэл ирсэн гэнэ.
Үүний мөрөөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж, сэжигтэй этгээдийг өнгөрсөн баасан гаригт саатуулжээ. Сүхбаатар дүүргийн VII хороонд оршин суух, 35 настай, багш мэргэжилтэй У гэдэг залуу энэ хэргийг өдүүлсэн байна.
Тэрбээр “Би хүүхэд барьцаалаагүй, хулгайлахыг ч оролдоогүй. Хүүхэдтэй муудалцсан болохоор нь барьж авсан юм. Гэтэл өөдөөс олон юм яриад, хараалын үг хэлэхээр нь “Яасан том дуутай хүүхэд вэ” гээд амыг нь тагласан. Энэ үед хүн гарч ирэхээр нь тавьж явуулсан” хэмээн мэдүүлжээ. Хэдийгээр ийн мэдүүлж буй ч хувийн байдал нь сэжигтэй, нэг бус удаа хэрэг зөрчилд холбогдож байсан гэх мэдээлэл цагдаагийнханд ирсэн учраас нарийвчилсан шалгалт хийх шаардлагатай гэж үзээд цагдан хорьсон гэнэ.