
“Монголын төмөр зам” (МТЗ) компанийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, хуурамч гүйцэтгэлээр залилан мэхэлсэн, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдсэн хүмүүст яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нийслэлийн Прокурорын газарт хавтаст хэргийг нь шилжүүлээд нэлээд удаж байна. Өмнө нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн ч прокурор хавтаст хэрэгтэй танилцаад зарим зүйлийг тодруулах шаардлагатай гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Мөрдөгчид прокурорын даалгаврыг биелүүлээд яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар өнгөрсөн сарын дундуур дахин шилжүүлсэн аж. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн хөрөнгөөс онц их хэмжээгээр залилсан, завшсан, Хонконгоор дамжуулан угаасан байж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, МТЗ компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа, БНСУ-ын иргэн Ли Жонг Ёл нарыг буруутган дуулиан шуугиантайгаар шалгаж эхэлснээс хойш нэлээд хугацаа өнгөрч байна.
Уг хэргийг шүүхэд шилжүүлэх, эсэхийг удахгүй шийднэ гэдгийг дээрх прокурорын газрын эх сурвалж хэллээ. “Бараг энэ долоо хоногийн сүүлч, ирэх долоо хоног гэхэд шүүхэд шилжүүлэх, эсэхийг шийдчихнэ. Уг хэрэгт сэжиглэгдсэн ч, гадаадаас ирэхгүй, мөрдөн байцаалтад саад учруулж буй “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, МТЗ ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарт холбогдох үйлдлийг нь тусгаарлаж шийдэх байх. Тэдэнтэй хамт Х.Баттулгын үйлдлийг ч тусгаарлан, үлдсэн хүмүүстэй холбоотой үйлдлийг нь шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлэх боломж бий” хэмээн өөр нэг эх сурвалж хэлэв.