
Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д шалгалт хийж дуусчээ. Шалгалтыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2016 оны жилийн эцсийн байдлаарх үйлдвэрлэл, санхүү, эдийн засаг, үр ашгийн байдал, төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, мөнгөн хөрөнгийн зарцуулалт, авлага, өглөгийн дүн, худалдаа, гэрээ хэлцлийн үр дүн зэрэг чиглэлээр хийсэн байна.
Өнгөрсөн сарын 1-нээс эхэлж, 21 хоног үргэлжилсэн уг ажилд хоёр байгууллагын 12 мэргэжилтэн, улсын байцаагч оролцжээ. Шалгалтын дүнг хараахан нэгтгээгүй бөгөөд ирэх долоо хоногт эцэслэж, Засгийн газарт танилцуулаад дараа нь олон нийтэд мэдээлнэ гэлээ. “Эрдэнэт үйлдвэр”-т хийх шалгалт үүгээр дуусахгүй, дараа нь Үндэсний аудитын газар, Монголбанк, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хамтарсан шалгалт оруулахаар төлөвлөж буй гэсэн мэдээлэл байна.