
Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд 497 дуудлага, мэдээлэл ирсний 353 нь зам, тээврийн ослынх байв. Ослын улмаас найман хүн гэмтсэний хоёр нь хүүхэд аж. Шалтгаан, нөхцөлийг нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 11, онхолдсон нэг, мөргөлдсөн 11 осол гарчээ.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нутаг, “Сансар-32” дэлгүүрийн баруун замд “Тоёота Приус” маркийн машины жолооч Д нь явган зорчигчийг мөргөж, аминд нь хүрчээ. Баянгол дүүргийн нутаг, хуучнаар “Од” кино театрын зүүн замд “Хьюндай Верна” маркийн машины жолооч явган зорчигч 26 настай Э нарын хоёр хүнийг мөргөж гэмтээжээ.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн сарын 28-ны шөнө Сонгинохайрхан дүүрэг дэх Толгойтын замд марк, улсын дугаар тодорхойгүй машины жолооч явган зорчигч Т-г мөргөж, амийг нь хохироогоод зугтсан хэрэг гарсан. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын III хэлтсийн ажилтнууд шуурхай эрэн сурвалжилж, “Хонда Акти” маркийн машины жолооч Ц үйлдсэн болохыг илрүүлэн саатуулав.