
Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр 14.00 цагийн үед АНУ-ын Зэвсэгт хүчний тээврийн онгоц ослын буулт хийлээ. Уг онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарсны улмаас “Чингис хаан” нисэх буудалд буужээ.
Энэ талаар нисэх буудлын эх сурвалжаас лавлахад “Уг онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарсны улмаас буух зөвшөөрөл хүссэн. Үүний дагуу нисэхийн “Код-3” гэх бэлэн байдлын зэрэглэлд харьяа албадыг шилжүүлэн, агаарын хөлгийг буулгасан. Онгоцоор цэргийн алба хаагчид зорчиж явсан уу, ачаа зөөж байсан уу гэдгийг бидэнд мэдэгдээгүй” гэлээ.
ИНЕГ-ын албаны хүн “Катараас Улаанбаатарын чиглэлд нисэж байсан АНУ-ын цэргийн зориулалттай “С-17” загварын агаарын хөлгийн дөрвөн хөдөлгүүрийн нэг нь доголдсоноос болж, Улаанбаатарт 13.59 цагт газардсан. Нисэх баг нь найман хүний бүрэлдэхүүнтэй байсан. “Чингис хаан” олон улсын нисэх буудлынхан бэлэн байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан. Одоо нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэв.