

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ-
УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насыг 18 жилийн өмнө бүрэлгэсэн хэрэгт буруутган Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт анхан шатны шүүхээс 24-25 жил хорих ял оноосон билээ. Шүүгдэгч Б.Содномдаржаа, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр, Т.Чимгээ өмгөөлөгч С.Оюунцэцэгийнхээ хамт, хохирогч С.Оюун түүний өмгөөлөгч Л.Энхсайхан зэрэг хүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг өчигдөр хянан хэлэлцсэн юм.
09.00 цаг өнгөрөөгөөд өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхныг хурлын танхимд оруулав. Бага зэрэг хойшилсон шалтгаан нь шүүгдэгч дээрх гурван хүнийг цагдан хорих ангиас онлайнаар хуралд оролцуулж, давж заалдах гомдлоо тайлбарласан мэдүүлгийг нь шүүх бүрэлдэхүүнд хүргэх зориулалттай телекамер, дуу өсгөгч зэргийг шалгах, сүлжээг тасалдуулахгүй хэвийн ажиллуулах техникийн нөхцөл боломж хангагдсан, эсэхийг нягтлахаас болсон бололтой.
.jpg)
Давж заалдах шатны шүүх хурлыг шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан, улсын яллагч Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, шүүгдэгчдийн болон хохирогчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж эхэлсэн. Ирц танилцуулахад шүүх хурлын нарийн бичиг нь “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюун шүүх хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн” хэмээв. Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө даргалагч шүүгч С.Соёмбо талуудаас гаргах хүсэлт бий, эсэхийг лавласан юм.
.jpg)
Шүүх хурал болохоос хэд хоногийн өмнө шүүгдэгчдийн болон хохирогчийн өмгөөлөгч нар, гэрчүүд шүүх хурлыг нээлттэй явуулах, ар гэрийнхнийг нь хурлын танхимд оруулах, шүүгдэгч гурван хүнийг хуралд биечлэн оролцуулах хүсэлтээ шүүх бүрэлдэхүүнд гаргасан аж.
Түүнийгээ дэмжиж буйгаа илэрхийлэн Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр “Нээлттэй явуулах хүсэлтэй байна” гэхэд өмгөөлөгч С.Оюунцэцэг, Д.Дашдорж нар ч санал нэг буйгаа хэллээ. Хохирогч С.Зоригийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Энхсайхан “Бид анхан шатны шүүхэд энэ хэргийг хэлэлцэх шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт тавьж байсан. Одоо ч гэсэн энэ саналаа дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх хурлын үеэр нотлох баримт шинжлэн судлах ажиллагаа явагдахгүй. Анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, эсэхийг л нягтлах учраас шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүх хурлын дараа бидэнд бичгээр хариу өгөхдөө хурлыг нээлттэй явуулах боломжтой талаар мэдэгдсэн” гэсэн юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдний том ах С.Баяр энэ үеэр “Миний төрсөн дүү С.Оюун шүүх хуралд оролцохгүй гэж хэлээгүй. Гадаадад ажилтай, олон улсын хуралд оролцох учраас намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөө болгосон. Энэ шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсье” гэв. Харин прокурор Б.Батжаргал “Энэ хэрэгт авагдсан нотлох баримт дунд төрийн нууцад хамаарах зүйл байгааг шинжээчид баталсан учраас хаалттай хэлэлцэх нь зүйтэй” гэсэн санал хэлсэн.
Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар Цагдан хорих төвөөс онлайн сүлжээгээр “Нээлттэй явуулах хүсэлтийг дэмжиж байна” гэсэн бол Ц.Амгаланбаатар “Хэлэх зүйл алга” гэлээ. Ингээд 09.35 цагт шүүгч нар зөвлөлдөх тасалгаанд орж, 25 минут ярилцаад гарч ирж, тогтоол танилцуулсан юм. Энэ хооронд шүүгдэгч гурван хүн хорих ангийн хянагч нарын өмнө гар нь гавтай сууж байсан бөгөөд шүүгдэгч Т.Чимгээ байн байн нулимсаа арчин, уйлж буй нь дэлгэц дээр тод харагдаж байлаа.

Гартаа хэлэх үгээ тэмдэглэсэн бололтой дэвтэр барьсан байв. Ц.Амгаланбаатарын хувьд сэтгэлийн ямар ч хөдлөлгүй, урагш харж гөлийсөөр байв.
Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ “Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд шүүгдэгч, тэдний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын “Шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь хэргийн 35 дугаар хавтасны 215-220 дугаар хуудсанд төрийн маш нууцад хамаарах баримт авагдсан. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулах тухай өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг Төрийн нууцын тухай хуулийг үндэслэн хүлээн авах боломжгүй. Мөн энэ хэргийг 1998 оны аравдугаар сарын 5-нд “Маш нууц” зэрэгт оруулсан байна. Тиймээс хаалттай хэлэлцэхээр тогтлоо. Түүнээс гадна энэ хэрэгт гэрчээр дуудагдсан Гансүрэн, Марууш нар хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргасан байна. Гэтэл хуульд гэрч нар хүсэлт гаргах эрхгүйг хэлье. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Энхсайханы хүсэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч нарыг биечлэн оролцуулах хүсэлт өмгөөлөгч нар гаргасныг хэлэлцэхгүй орхиж байна. Яагаад гэхээр шүүгдэгчдийг онлайнаар хуралд оролцуулж байгаа” гэв.

Ингээд шүүхийн хэлэлцүүлэг эхэлж, нэгэнт хаалттай хэлэлцэхээр шийдсэн учраас хэвлэлийнхнийг хурлын танхимаас гаргасан. Энэ үеэр С.Баяр ямар нэг зүйл хэлэхийг оролдсон ч шүүгч нар зөвшөөрсөнгүй. Харин С.Баяр “Шүүх хурлын хаалттай явуулж байгаа учраас үүнд оролцох боломжгүй” гээд шүүх танхимыг орхин гарсан байна. Шүүхээс гарахад шүүгдэгч нарын ар гэрийнхэн Нийслэлийн шүүхийн байрны гадна “Хэлмэгдүүлэлтээ зогсоо. Шударга бус шүүгч нар огцор, Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй хийлгэхийг шаардаж байна, ард түмэн ийм үлгэрт итгэх үү” гэх зэрэг лоозон барин зогсож байв.

Гэвч тэднийг цагдаагийнхан жагсаал цуглаан хийх зөвшөөрөлгүй гээд уриа лоозон бүхий самбар барьсныг нь болиулсан юм. Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа “Бид уржигдар орой ирсэн. Шүүх хурлыг нээлттэй явуулах, орж суух боломж олгох хүсэлт тавьсан. Хэрэгт гол гэрч болох Д.Булган яагаад ирсэнгүй вэ” гэв.
Шүүгдэгчийн эгч Б.Шоовдор “Энэ бүгд хилс хэрэг. Ц.Амгаланбаатар л гүтгэж хэрэгт холбогдуулсан гол хүн нь шүү дээ. Олон жил шоронд суусан, цаазын ял авсан хүн бүх хэргийг өөртөө үүрч, шоронгийн хангамжаа сайжруулдаг юм байлгүй. Хаалттай хэлэлцэнэ гэдгийн цаана ард түмнээс нуух асуудал байна гэсэн үг. Ард түмэнд нээлттэй биш болохоор ямар ч мэдээлэл алга” гэж байлаа.
Шүүх хурал 18.00 цагийн үед завсарлаж, шүүгч нар зөвлөлдөх тасалгаанд орсон юм. Тэд удтал зөвлөлдсөний эцэст 21.47 цагт давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншин танилцууллаа. Шүүгч нар хэлэлцээд “Анхан шатны шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байна. Мөрдөн байцаалтын явцад цуглуулсан нотлох баримтаар Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын мэдүүлэг хоорондоо таарсан, гэрчүүд анх хараад хэрэгтнүүдийг таньсан зэрэг нь энэ хүмүүсийг гэм буруутай болохыг баталж байна. Тиймээс ялтнууд, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй” хэмээн танилцуулсан юм. Энэ үед Б.Содномдаржаа сэтгэл хөдлөлөө ил гаргаагүй бол Т.Чимгээ уйлж суув.