
Увс аймгийн Улаангом сумын Чандмань гэх газар өнгөрсөн нэг, хоёрдугаар сард их хүйтэрч, газар хагарсан байна. Тус газарт хөрсний болон голын усны халиа, тошин гүйснээс айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр усанд автах эрсдэл үүсчээ.
Тиймээс Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар “Шуурхай бүлэг” томилогдон, өчигдөр тус аймгийг зорилоо. Зам, тээвэр, хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох мэргэжилтэн багтсан уг бүлгийнхэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, аймгийн Онцгой комисс болон холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж, Улсын Онцгой комисст танилцуулах аж.
Увсад нөхцөл байдал ямар байгааг тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаас тодруулахад “Улаангомын хамгаалалтын далан доод хэсгээрээ задарснаас болж их хэмжээний ус урсаж, хөрсний усан дээр нэмж хөлдөн, авто замаас 3-4 метр өндөртэй мөс үүсээд байна. Энэ гэсэхээр 500 гаруй айл усанд автах эрсдэлтэй. Бид хамгаалалтын далан дээр нэмж далан босгосон ч мөс 1.50 метр өндөр давсан. 2004 онд барьсан уг далан хуучирч муудаад хэд хэдэн газар задарсан.
Энэ даланг шинээр барих хөрөнгө санхүүг шийдвэрлэж өгөхийг Улсын Онцгой комиссоос хүсэж байна. Мөн Гашууны гол дээгүүр тавьсан авто замтай тулах хэмжээний мөс үүсээд байгаа. Хайлахаас нь өмнө арга хэмжээ авахгүй бол улаангомчууд тэр чигээрээ усанд автах аюултай байна” гэв.