
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророор ажиллаж байсан Х.Тамир, ТЕГ-т ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэв.
Нийслэлийн прокурорын газраас Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Х.Тамир нарыг хилээр хар тамхи хууль бусаар их хэмжээтэй оруулж ирсэн, уг хэргээс гадна Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, албан үүрэгтээ хайнга хандсан, хээл хахууль авсан хэмээн буруутгасан юм.
Дээрх хүмүүст хар тамхийг нь авчирч өгсөн Б.Сүхбаатарыг хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн ч түүндээ ял шийтгүүлээгүй, мансууруулах бодис хууль бусаар олж авсан, хилээр оруулж ирсэн, Л.Жавхланг зам тээврийн ослын газрыг санаатай орхисон, хахууль өгсөн хэмээн буруутгасан.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сард энэ хэргийг хэлэлцээд Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат нарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутайд тооцож, борлуулах зорилгогүйгээр олж авсан хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Ингээд тэдэнд таван жил хоёр сар хорих ял шийтгэсэн.
Х.Тамирын хар тамхи хилээр оруулсан, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, албан үүрэгтээ хайнга хандсан, 15.8 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт гэм буруутайд тооцоод Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд албан үүрэгтээ хайнга хандсан хэргийг хамруулан, хахууль авсан хэрэгт нь таван жил нэг сар хорих ял оноосон юм. Хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн, борлуулах зорилгоор олж авсан нь тогтоогдсон гэж үзээд Б.Сүхбаатарыг зургаан жил хорихоор болжээ.
Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.