
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамруулах нэрээр орон байраа булаалгаж, гудамжинд гараад буй гэх, Баянзүрх дүүргийн “Сансар” хотхоны 85 өрхийн 500 гаруй иргэнийг төлөөлж “Сансар хотхоны иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ-ынхан өчигдөр мэдээлэл хийв.
Тус хотхоны нийтийн орон сууцны долоон байр, амины зургаан орон сууц гэр хорооллын дахин төлөвлөлтөд оржээ. Улмаар оршин суугчид 2014 оны гуравдугаар сард төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Их өргөө” ХХК болон нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газартай гэрээ байгуулсан аж. Ингээд оршин суугчид “Их өргөө” компаниас ирсэн мэдэгдлийн дагуу мөн оны аравдугаар сарын 14, 15-ны дотор орон сууц, дэлгүүрийн барилгуудаа чөлөөлж, хүлээлгэн өгсөн байна.
Гэрээ ёсоор бол “Сансар” хотхоныхон 2015 оны III улиралд шинэ байрандаа орох учиртай байв. Мөн газар чөлөөлсөн өдрөөс эхлэн “Их өргөө” компаниас оршин суугчдад сар бүр 500 мянган төгрөгийн нөхөн олговор өгнө гэж гэрээнд тусгажээ. Гэвч тус газарт гурван орон сууцны барилгын суурийг цутгаснаас өөр ажил өдий хүртэл хийгээгүй бөгөөд нэг ч иргэн нөхөн олговор аваагүй гэнэ. Орон гэрээ алдсан иргэд нийслэлийн удирдлагууд болон төсөл хэрэгжүүлэгч компанид энэ асуудлаар удаа дараа хандсан ч ямар нэгэн шийдэлд хүрч чадаагүй аж.
“Их өргөө” компанийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Д.Арвинтай уулзахад “Нөхөн олговор өгөх боломжгүй, мөнгө байхгүй” гэж зандардаг гэнэ. Оршин суугчид өдгөө Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлжээ. Долоо хоногийн дотор ямар нэг хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ энэ үеэр мэдэгдсэн юм.
Уг мэдээллийн мөрөөр бид УИХ-ын гишүүн асан Д.Арвины төрсөн дүү, “Их өргөө” компанийн гүйцэтгэх захирал Д.Бадрахтай холбогдож үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулахад “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр 80 компани сонгогдсон ч дийлэнх нь хэвийн үйл ажиллагаа явуулж чадаагүй. Улс оронд нүүрлээд буй эдийн засгийн хямрал үүнд нөлөөлсөн. Бид гарц, шийдэл эрэлхийлж, банкнаас зээл авахаар хөөцөлдөж байна. Огт нөхөн олговор өгөөгүй гэдэг худлаа. Эхний хоёр жилийнхийг нь өгсөн. Удахгүй энэ асуудал шийдэгдэнэ” гэв.