
Уржигдар болсон “Эх орны цэрэг-2017” яруу найргийн наадамд Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Г.Ган-Эрдэнэ тэргүүн байр эзэлсэн билээ. 25 дахь удаагийн тус наадамд анх удаа цэргийн алба хаагч түрүүлсэн нь энэ.
Тэрбээр 2015 онд Төрийн шагналт, яруу найрагч Н.Нямдоржийн нэрэмжит “Яруу найраг миний сэтгэлийн жигүүр” наадамд аман хүзүүдэж, “Super student” шоунд долдугаар байрт шалгарч, “Үндэсний шилдгийн эрэлд”- ийн шилдэг аравт багтсан амжилттай. “Сүүдрээр хүүрнэгч” хэмээх яруу найргийн номоо хэвлүүлэхээр төлөвлөж буй Г.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Энэ удаагийн наадамд цэргийн хэчнээн алба хаагч өрсөлдөв. Өөрөө байлдагч болохоор шүлгүүдээ бусдаас илүү нарийн мэдэрч бичин, олны сэтгэлд хүргэж чадсан байх.
-Тэгсэн байх шүү. Эх орондоо тангараг өргөн, цэргийн алба хааж буй үеийн нөхдөө төлөөлөн энэ наадамд оролцож, хүндтэй шагналын эзэн боллоо. Тэдний эх орноо гэсэн чин сэтгэл, залуу насных нь жавхааг өөрөөрөө дамжуулан олонд харуулж чадсан байх. “Эх орны цэрэг”-ийг зохиож эхэлснээс хойш 25 жилийн түүхэнд түрүүлсэн анхны байлдагч болсондоо бэлгэшээж байна.
Гэхдээ үүнээс илүүтэй намайг дэмжихээр алс хол Дорноговь аймгаас зорин ирсэн ээж минь “Хүүгээрээ бахархаж байна” хэмээн үнсэхэд нь бүр их баярласан. Эхний шатанд надтай хамт дөрвөн байлдагч бүтээлээ сойсноос удаах даваанд хоёр нь шалгарсан. Цэргийн алба хаагч болоод ч тэр үү, намайг шүлгээ унших бүрт хүмүүс баяр хүргэн, уухайлан дэмжсэн нь их урам өглөө.
Хоёрдугаар шатанд шүлгээ уншихын өмнө “Яруу найраг намайг эх орны минь зүг хөтөлж, цэрэг хүн болгосон учраас энэ тайзан дээр гарч, шүлгээ уншихгүй байж чадсангүй. Энэ мундаг яруу найрагчид дундаас шалгарч, түрүүлнэ гэж хэлж чадахгүй ч эх оронд минь цөвүүн цаг ирвэл хамгийн түрүүнд буугаа үүрээд дайсны эсрэг алхана” гэж хэлсэн, би.
Тэр бол худлаа хэлбэр хөөн, шүүгчдээс үнэлгээ авах гэсэндээ хийсэн үйлдэл огт биш. Яалт ч үгүй яруу найраг миний сэтгэлийг их хөдөлгөн, эх орны хүү болсондоо омогшоод л тэгж хэлсэн юм. Би энэ наадамд оролцохын тулд 48 цагийн чөлөө авсан. Хугацаа нь өнөөдөр (өчигдөр) 17.00 цагт дуусна.
Намайг үргэлж дэмждэг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч С.Батболд, соёл хүмүүжлийн зааварлагч М.Наранхүү, гэр бүлийнхэн болон М.Баттөмөр, Л.Нямаа, О.Содномпил багш нартаа их баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Өмнө нь эх орон, армийн тухай шүлэг бичиж байсан уу?
-Би багаасаа яруу найраг сонирхож өссөн. Модернист шүлэг бичих дуртай. Цэргийн албанд татагдан очсоныхоо дараа яруу найраг сонирхдогоо ангийнхаа соёл, хүмүүжлийн зааварлагч М.Наранхүү ахад хэлтэл “Ашгүй дээ. “Эх орны цэрэг” наадамд оролцоорой. Зургаан сарын дараа болох тул овоо бэлдэж амжих байх” гэсэн юм.
Үнэнийг хэлэхэд тэр үед надад эх орон, цэргийн тухай сэдэвтэй ганц ч шүлэг байгаагүй. Өнгөрсөн хугацаанд 10 гаруй шүлэг бичсэнийхээ гурвыг нь сойлоо.
-Ямар, ямар нэртэй шүлгээр өрсөлдөв. Эдгээрийг бичих санаа хэрхэн төрөв?
-Энгэрт нь цоо буудуулан, эзэндээ хүрч чадалгүй цэргийн халаасанд нь үлдсэн захидлын тухай “Эзэндээ хүрээгүй захидал”, эх орон минь ганцхан ширхэг чулуунаас ч эхэлнэ, эрхэмлэн хайрлаж яваарай гээд “Эх орны чулуу”, модернист хэв маягаар бичихийг эрмэлзсэн “Яруу найраг миний эх орон” гэсэн гурван шүлгээ уншлаа.
Жагсаалын талбайд хөлсөө урсган, олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алхаж явахдаа бичсэн болохоор шүлгүүд минь олны сэтгэлд илүү хүрсэн байх. Би “Их засаг” их сургуулийг 2015 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Анх цэргийн албанд “Би дээд боловсролтой, сурах юм бараг байхгүй” гэсэн бодолтой очсоноо нуугаад яах вэ. Гэтэл тийм биш байж. Цэрэг, эх орны талаарх хүмүүжлийн хичээл хүнд их ухаарал хайрлаж, хат суулгадаг юм байна.
Би цэргийн албанд зүдэрч байна гэж ер боддоггүй. Энх цагт эх орныхоо төлөө тангараг өргөж, төрд зүтгэж яваа би азтай хүн. Цаашид эх орон, өвөг дээдсийнхээ агуу ялалтын түүхийн тухай сэдвээр уран бүтээлээ түлхүү туурвихаар төлөвлөж байна.
-Өмнөх жилүүдэд түрүүлсэн яруу найрагчид сэлэм бэлэглэдэг байсан юм билээ. Харин энэ удаа үзэгний хэлбэр бүхий үзүүртэй сумны хонгио бэлэглэлээ. Үүнийгээ хаана хадгалах вэ?
-Яруу найрагч хүнд үзэг шиг үнэнч нөхөр, чухал зэвсэг үгүй. Харин цэрэг хүн зэр зэвсгээ амь мэт хайрлан, ариг гамтай эдлэх хэрэгтэй. Энэ шагналаа юун түрүүнд 326 дугаар ангид авч очин, хамт олондоо үзүүлнэ. Монгол хүн болж төрсөн үүргээ биелүүлж, эр хүн болж төрснөөрөө бахархан, цэргийн албаа заавал хаахыг залуустаа уриалъя.