
Цагдаагийн байгууллагын тухай хуулийг шинэчилж, бүтцийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайд баталснаар ЦЕГ, түүний харьяа газар, хэлтсийн удирдах албан тушаалтнуудыг өөрчлөх нь гэсэн хүлээлт үүсээд байв. Тэгвэл өнгөрсөн даваа гаригаас эхлэн зарим дарга нарыг өөрчилжээ.
ЭЦГ-ын даргаар Нийслэлийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Батсайхан, тус газрын Эдийн засгийн хэлтсийн даргаар Тээврийн прокуророор ажиллаж асан Д.Дагвасүрэн нарыг томилсон байна. ЭЦГ-ын дарга, хурандаа Б.Буянтөрийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтсийн дарга, ЦЕГ-ын Лицензийн төвийн дарга, хурандаа Г.Эрдэнэцацралыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга, МБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, дэд хурандаа Ө.Эрдэнэхүүг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга, тус хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Д.Отгонжаргалыг НЦГ-ын дэд дарга болгожээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа Ж.Батбаатарыг тус дүүргийн ЗДТГ-т болсон эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийн алба хаагч нулимс асгаруулагч хий ашигласан асуудалтай холбогдуулж ажлаас нь чөлөөлсөн аж.