
Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, Монгол цэргийн өдөр тохиож буйтай холбогдуулан Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Цэргийн штабаас өчигдөр “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” андгай өргөх ёслол зохион байгууллаа. Тусгаар тогтнолын талбайд дүрэмт хувцастай сурагчид цуглаж, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, Батлан хамгаалахын их сургуулийн Хөгжмийн ангийн оюутнууд, 032 дугаар ангийн хүндэт харуул болон онцгой байдал, цагдаагийн алба хаагчид жагсчээ.
Тэд өөрсдийн онцлогийг харуулсан үзүүлбэр сонирхуулсан юм. Тодруулбал, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд жил тутам амжилттай оролцдог Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн алба хаагчид гардан тулааны гайхамшгийг мэдрүүлсэн бол 032 дугаар ангийн хүндэт харуулын хугацаат цэргийн алба хаагчид ур чадварын тоглолт хийв.
Энэ үеэр Монгол Улсын Төрийн далбааг мандуулах хүндэтгэлийн парад боллоо. Ёслолд оролцогчид Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэн, өвдөг дээрээ суун, мэхийн ёслов. Түүнчлэн “Дөл” тэмцээний эхний гурван байранд шалгарсан Чингэлтэй дүүргийн 23, 24, 72 дугаар сургуулийн шилдэг салаа 16 тоот гимнастик толилууллаа.
Ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн хүмүүжил олгох, Батлан хамгаалах хууль, тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулдаг цэрэг, спортын “Дөл” тэмцээний шагнал гардуулах ёслол тус арга хэмжээний үеэр болсон юм.
Чингэлтэй дүүрэгт ес дэх жилдээ зохион байгуулсан эл тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийн 3000 гаруй сурагч хамрагдаж, тэргүүн байранд 24 дүгээр сургуулийн Б.Цэлмэг захирагчтай салаа, хоёрдугаар байранд 23 дугаар сургуулийн Хүслэн захирагчтай салаа, гуравт 72 дугаар сургуулийн Б.Хурц баяр захирагчтай салаа тус тус шалгарлаа.
Түүнчлэн тэргүүний жагсаалч, гимнастикч, аврагч, тамирчин, авьяаслаг салаагаар V 23, 24, 37, 57 дугаар сургуулийнхан тодров. Мөн 49 дүгээр сургуулийн Ц.Ганпүрэв бусдыгаа манлайлж, “Тэргүүний салааны захирагч” болсон юм. Шилдгүүдийг дүүргийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиар авьяас, чадварыг нь үнэлэн, тэд эх оронч иргэн байхаа анд нөхдийнхөө өмнө андгайлав.