
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны хуралдаанаар жил бүрийн гуравдугаар сарын 20-ныг Аз жаргалын өдөр болгосон. Энэхүү шийдвэрийн дагуу “Аз жаргалын зам” ТББ-аас Аз жаргалын өдрийг Монголд тэмдэглэдэг болохыг уриалж, өдгөө дөрөв дэх жилдээ нийгэмд чиглэсэн олон ажил зохион байгуулах гэж байна.
Тухайлбал, энэ жил “Аз жаргалыг түгээцгээе” уриан дор гар зураг, эсээ бичлэг, фото зургийн уралдаан зарлаж буйн зэрэгцээ нийгэмд сайн сайхныг түгээж, сайн үйлс бүтээгч хувь хүн, аж ахуйн нэгжийг “Гэгээн үйлстэн”-ээр өргөмжилж алдаршуулах юм байна. Мөн “Аз жаргалтай аав”, “Аз жаргалтай ээж” энэ жилээс шалгаруулах гэнэ.
“Аз жаргалын зам” ТББ энэ өдрийг жил бүр тогтмол тэмдэглэдэг болохыг уриалж буйн зэрэгцээ архигүй өдөр болгох, энэхүү гэгээн үйлсийг дэмжин түгээх, үнэн зөв, ариун сэтгэлтэй хүмүүсийг алдаршуулах, олон нийтэд зориулсан үйл ажиллагааг төрөөс дэмжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтран сургалт семинар, хэлэлцүүлэг, форум зохион байгуулах, олон улсын хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлэхээр зорьж ажилладаг байна.
Тодорхой шалтгааны улмаас өнөө жил Аз жаргалын өдрийн албан ёсны арга хэмжээг тогтсон өдөр нь биш, энэ сарын 24-нд “Премиум палас”-т зохион байгуулахаар болжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.azjargal.mn цахим хуудас руу зочлоорой.