
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдсон гурван хүний үйлдлийн нууцад хамаарах зарим хэсгийг Ерөнхийлөгчийн зарлигаар нийтэд ил болгохоор шийджээ. Иргэдийн дунд үүссэн эргэлзээг тайлах үүднээс ийм шийдвэр гаргасан аж. Энэ талаар НПГ-ын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн МҮОНТ-д ярилцлага өгч мэдээллээ.
Тэрбээр “ТЕГ, ЦЕГ-ын ажлын хэсгийнхэн маш олон баримт цуглуулж, 2015 оны наймдугаар сарын 31-нээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг холбогдуулан шалгасан.
Жил гаруйн өмнө илэрсэн хэрэг биш, 1998 оноос хойших 18 жилийн хугацаанд цуглуулсан нотлох баримтыг үнэлж, өнөөдрийн цаг хугацаанд илэрч байгаа юм. Хэрэг гарах үед 16 настай байсан Ц.Амгаланбаатар үерхдэг бүсгүйдээ 18 настай гэж хэлэхэд итгэхээр бие бялдрын хөгжил сайтай, өсгөлүүн хүүхэд байжээ. Энэ талаар гэрч эмэгтэй “1998 оны наймдугаар сараас аравдугаар сар хүртэл үерхэж байсан, одоо ямар нэг харилцаа байхгүй. Биеийн хөгжил сайтай нэгэн байсан” гэж ярьсныг нийтэд дэлгэв.
С.Зориг амиа алдсаны дараа Д.Булган гэмт этгээдүүдийн дүр зургийг зуруулсан байдаг. Ам зургийг хүний оюун санаанд үлдсэн дүр төрхийг мэргэжлийн хүн цаасан дээр буулгаж гаргадаг” гээд хэрэгт ял шийтгүүлсэн гурван хүний гэрэл зургийг он оноор нь харьцуулан гаргалаа.
Мөн Ц.Амгаланбаатарыг дагуулан явж талийгаачийн гэрт зам шалгалт хийсэн баримтыг ч ил болгожээ. Тэрбээр энэ шалгалтын үед гэрт нь очоод угаалгын өрөөнд ороод “1998 онд энэ өрөөний зай талбай өөр байсан” гэжээ. 2000 он гарснаас хойш гэрээ өөрчилсөн, эсэхийг Д.Булган л мэдэж байсан атал Ц.Амгаланбаатар засвар хийсэн байна хэмээн ярьсан нь нотлох баримт болжээ. Тэрбээр шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өгсөн мэдүүлэгтээ “Зориг ирж байна гэж байна. Авгайг нь амьд үлдээгээрэй гэсэн шүү” гэж Б.Содномдаржаа хэлсэн. Би энэ угаалгын өрөөнд ороход ийм байдалтай байсан” хэмээн дүрсэлж үзүүлсэн юм.
“С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт дөрвөн хүн гүйцэтгэгчээр оролцжээ гэдгийг тогтоосон. Тэдний нэг нь Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын гарт амиа алдсан нь нотлогдсон.
Д.Булганыг гэрчээр оролцоогүй тухайд “Хэргийн талаар ач холбогдол бүхий нотлох баримтыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан. Гэвч тэрбээр холбогдон шалгагдсан. Д.Булганы гэм буруугийн асуудлыг нотлох баримт хангалттай бүрдээгүй гэсэн үндэслэлээр үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосон. Тиймээс гэрчийн хэмжээнд шүүх хуралд оролцож болохгүй байгаа юм” хэмээн Ж.Сандагсүрэн ярив.
Түүний өгсөн ярилцлага ард түмний дунд үүсээд байгаа эргэлзээнд зөв ойлголт өгөх зорилготой нь мэдээж. Анхан болон давж заалдах шатны шүүх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жил хорих ял оноогоод буй билээ. Өдгөө энэ гурван хүн Дээд шүүхэд хандахаар болж буй гэж ар гэрийнхэн нь хэлж байсан.