
НҮБ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан тусгай төлөөлөгч, Автомобиль олон улсын холбооны ерөнхийлөгч Жийн Тод (Jean Todt) өчигдөр Замын цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцаж, тус албаны дарга, хурандаа Б.Даваазултай уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөл байдал, тус албаны үйл ажиллагааны талаар танилцуулж, хоёр байгууллагын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Жийн Тод энэ үеэр “ДЭМБ-аар дамжуулан осол, хэргийн тоон мэдээллийг байнга авч байдаг. Тоо баримтаас харахад осол зөрчил, нас баралтын үзүүлэлт өмнөх онуудаас буурч буй ч гурван сая хүнтэй улсын хувьд сэтгэл түгшээсэн өндөр байгаа юм. Тиймээс энэ асуудалд Засгийн газрын түвшинд томоохон зорилт дэвшүүлэн, шат дараатай арга хэмжээ авах нь чухал. Ялангуяа иргэд, зорчигчдод чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй. Боловсролын салбарт тусгай хөтөлбөр бий болгох, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, норм стандартыг хангуулж, жолооны хүрдний асуудлыг яаралтай шийдэх шаардлагатай. Хөгжиж буй орнуудын замын хөдөлгөөний нөхцөл байдалд тулгардаг бэрхшээлүүд Монгол Улсад нүүрлэж байна. Тийм учраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх конвенцуудад нэгдэн орох талаар туслалцаа дэмжлэг үзүүлэх, Хонконг дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон ажил хийх бодолтой байна” хэмээжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар тэрбээр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм.