
Англи улсын кино найруулагч, продюсер Benjamin Johns ахлагчтай кино багийнхан Монгол Улсын Буддын шашин болон Уламжлалт анагаах ухааны томоохон төлөөлөгч, Манба Дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ны өдөр Монголд ирж, зураг авалтаа эхлүүлжээ.
Тодруулбал, баримтат киноны төрөл жанраар алдартай найруулагч Benjamin Johns “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” нэртэй цуврал баримтат кино бүтээж байгаа бөгөөд энэ цувралынхаа хүрээнд дэлхийн соён гэгээрүүлэгч олон хүнийг судалсны үр дүнд Хамба лам, хүний гавъяат эмч Д.Нацагдоржийг сонгосон байна.
Тус баримтат кино нь зөвхөн Хамба ламын амьдрал, ажил бүтээлийн талаар үзүүлээд зогсохгүй Монголын түүх соёл, боловсрол, хөгжил, буддын шашин болон уламжлалт анагаах ухааны өв их уламжлалыг дэлхийн үзэгчдэд хүргэх чухал ач холбогдолтойгоороо онцлог юм.
Энэ талаар кино найруулагч, продюсер Benjamin Johns хэлэхдээ “Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр кино бүтээхээр шийдээд арванхоёрдугаар сар гэхэд санхүүжилтээ шийдвэрлэчихсэн байсан. Ингээд өнгөрсөн сарын 24-нд Монголд ирж зураг авалтаа эхлүүлэн нэг сарын амжилттай явагдсан бөгөөд дөрөвдүгээр сарын эхээр сүүлийн зураг авалтаа Лондонд үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Зураг авалтын дийлэнх хэсэг Хамба ламын төрсөн нутаг болох Завхан аймгийн Цагаан чулуут суманд явагдсан. Киноны маань онцлог нь орон орны гайхамшигт мэдлэг боловсрол, ур ухаантай, соён гэгээрүүлэгч, тухайн орныг бүхэлд нь төлөөлж чадахуйц хүмүүсийг сонгон авдаг бөгөөд Монгол Улсын хувьд Хамба ламын амьдрал, уран бүтээл ямар их зүйл хийж бүтээснийг мэдээд үнэхээр биширч байснаа хэлмээр байна.
Би баримтат кино бүтээлүүдээрээ Лондон болон олон улсын кино наадмуудад амжилттай оролцож байсан ба энэхүү Хамба лам Д.Нацагдоржийн тухай киног ч мөн олон улсын кино фестивалью “сойх” төлөвлөгөөтэй байгаа” хэмээсэн юм.
Харин баримтат киноны зураглаачаар “Бөгжний эзэн”, “Оддын дайн”, “Gravity” зэрэг бидний сайн мэдэх алдартай кинонуудын зураглаачаар ажиллаж байсан туршлагатай зураглаач Garry Vasbenper ажиллаж байгаа юм. Тэрбээр “Би дэлхийн олон орноор явж, олон алдартай төслүүд дээр хамтарч ажиллаж байсан. Энэ удаад ч мөн адил Монгол хэмээх үзэсгэлэнт уудам газар нутагтай, машины ч мөр гараагүй онгон дагшин байгальтай энэ сайхан оронд ирж, монголчуудтай хамтарч ажиллана гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг байлаа.
Киноны зураг авалтын үеэр бид маш онцгой, дахин давтагдашгүй үзэгдлийг буулгасан бөгөөд энэхүү киногоор дамжуулан дэлхий нийтэд Монгол Улсын нэрийг өндөрт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.