
Гуравдугаар сарын 25-ны өдөр Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам нь Япон улс, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Япон улсын үндэсний хувцас болох кимоног уламжлалт болон орчин цагийн өөр өнцгөөс танилцуулах "UB Kimono Fashion Show – Tradition & Modernity" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээ нь хоёр хэсэгтэй ба эхний хэсэгт дөрвөн улирлын шинж чанарыг агуулсан уламжлалт кимоно, хуримын ёслолын кимоно, самурайн өмсгөл, хуяг дуулга зэрэг байх бол сүүлийн хэсэгт кимоно хийх зориулалт бүхий бөс, торгоор урласан орчин цагийн уур амьсгалтай, тансаг мөртлөө өдөр тутамд өмсөхөд зохимжтой болгон хувиргасан монголын “Явуу” брендийн коллекциос толилуулах болно. Загварын шоуны үеэр Япон цайны ёслол, кимоногийн бөс торгын үзэсгэлэн явагдах ба кимоно болон хуяг дуулга өмссөн самурайтай дурсгалын зураг даруулах боломжтой.